sonin.mn
Эцгийнхээ өвөр дээр дэгж дэрвэх бяцхан хүү эхийнхээ дууг сонсоод тэр зүг тэмүүлнэ. Гэвч хүү таамгаар, зөвхөн чимээ гарсан зүг рүү. 
 
Хүний хорвоод амьдрах гэж, мөрөө үлдээхийн төлөө чадал мэдэн тэмцэх Б.Хүсэлбаатар хүү дөнгөж есөн сартай. Мэдлэг чадваргүй эмч хүүгийн амьдралыг бүрмөсөн сүйт­гэж, хорвоог харах нүднээс нь салгаж орхисон байна. 
 
Тодруулж хэлбэл, хоёр сартай хүүгийн нүд үрэвсэж, нуухтан байхад “юун сүртэй юм, хүүхэд халуудсан байна” гээд нүдэнд дусаах эм бичиж өгсөн нь чухамхүү үрэвсэлд бус даралтны дусаалга байсан нь бяцхан хүүгийн нүдний нарийн хялгасан судсыг гэмтээж улмаар хорт хавдар үүсэхийн суурь болсон аж.
 
Хүүд нь ийм золгүй явдал тохиосныг залуу эцэг эх хоёр нь яахан мэдэх билээ.  Эмч юу гэнэ, түүний амаар явсаар өвчин даамжирч эцсийн шатандаа орсон хойно нь нүдний өвчнөөр бус уушгины хатгаагаа хүндэрсэн гэсэн оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн хаалгыг татсанаар хатгаанаас илүүтэй харах нүд нь болохоо болсныг мэдэж авсан нь юутай эмгэнэлтэй вэ.
 
Өвчин хэдийнэ хүндэрсэн учраас Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Нүдний тасгийн эмч нар эхний ээлжинд баруун нүдэнд мэс засал хийсэн ч зүүн нүдэнд нь нөлөөлж өдгөө эхний эмчилгээ давтагдахад хүрсэн тул хүүгийн эцэг, эх Хүсэлбаатар хүүгээ өрөөсөн ч болов нүдтэй нь үлдээхийн төлөө тэмцэж, Эрүүл мэндийн сайдтай уулзахаар, тусламж гуйхаар Сүхбаатар аймгаас ирсэн байхтай нь тааралдсан юм. 
 
Хүүгийн эцэг А.Батсайхан “Зүүн нүдэнд нь найдлага тавьж буй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нүдний эмч Цэнгэлмаа бүдэг бадаг ч болов гэрэл харж байгаа болохоор түүнийг нь дэмжиж өгмөөр байна. Ийм төрлийн мэс заслыг манай улс хийх боломжгүй учраас та бүхэн гадагшаа яв” гэсэн юм. 
 
Гэвч аймгаасаа гарч үзээгүй, эдийн засгийн чадавхигүй бид гурав төрөөс л дэмжлэг хүсч явна. Цэнгэлмаа эмч надад хоёр ч эмнэлгийн хаяг өгсөн. Үнэндээ эхнэр бид хоёр түүнийг нь уншиж чадахгүй, яаж холбогдохоо мэддэггүй” хэмээн аргаа барсан шинжтэй өгүүлж байв. 
 
 
Тэр гурав яамны үүдийг хоёр өдөр сахиж, сайдтай уулзах санаатай ч Н.Удвал сайдын зав нь болохгүй байгаа бололтой. Тэдний чин хүсэл бол сайдад зовлонгоо ярьчихвал л сэтгэл нь амрах шинжтэй. Магадгүй сайдыг хүүд нь нүд хайрлах бурхан хэмээн чин сэтгэлээсээ сүслэн суугаа байж ч мэднэ. Ингээд хүүгийн эцэг эх хоёрын яриаг хүргэе.
 
Т.Энххишиг: Энхмаа эмч мэргэжлийн эмчид очихыг зөвлөсөн бол хүү минь сохрохгүй байсан 
/Сүхбаатар аймгийн Баруун урт сумын зургаадугаар багийн иргэн /
 
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүтэй. Хамгийн бага нь Хүсэлбаатар минь. 
 
-Хүү хэдэн сартай вэ?
-Миний хүү өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд төрсөн. Одоо ой хүрэх нь.
 
-Өвчний шинж анх яаж мэдэгдсэн юм бэ?
-Миний хүүгийн нүд анх хоёр сартай байхад нь өвдсөн. Нэг өглөө хүүгээ хөхүүлж суутал зүүн нүднийх нь хүүхэн хараан дээр нь маш жижигхэн цагаа унасан байсан. Тэгээд багийнхаа эмч Энхмаад үзүүлтэл “Хүү чинь эрүүл байна. 
 
Нарны гэрэлд тэгж харагдаж байгаа юм” гээд юу ч хэлэлгүй яваад өгсөн. Тухайн үед эмч эрүүл гэж хэлсэн болохоор тайвширч, буруу харсан юм байлгүй гээд өнгөрсөн. 
 
Гэтэл сарын дараа нөгөө нүдэнд нь бас цагаа уначихсан байсан. Тэгэхээр нь байдал биш боллоо гээд аймгийнхаа эмч нарт үзүүлтэл “яаралтай хот яв” гэхээр нь өвчин хүндэрч гэж ойлгосон. Эмч нар бидэнд хэлээгүй болохоос биш тэр үед хүүгийн баруун нүд хэдийнэ юм харахаа больсон байсан юм билээ. 
 
-Хотод хэзээ ирэв?
-Эмнэлэгт үзүүлээд долоо хоногийн дараа буюу 2014 оны нэгдүгээр сарын 17-нд ирсэн. Долоо хоног алдсан тухайд замын зардалтай болох гэж цалингийн зээл хөөцөлдсөн хэрэг. 
 
-Хэчнээн төгрөгийн зээл авав?
-Хүү маань хагалгаанд орох нь тодорхой учраас хүний гар харахааргүй байя гээд дөрвөн сая төгрөгийн зээл авсан.
 
-Та гуравт хийсэн эхний эмчилгээ юу байв? 
-Хотод ирснийхээ мар­гааш өглөө нь нэгдүгээр сарын 18-нд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нүдний тасгийн эмч нарт үзүүлж, томографикийн зураг авахуултал нүдний хорт хавдар гэсэн онош гарсан. Гэвч бид гурав уушгины тасагт эхлээд хэвтсэн. 
 
-Яагаад?
Уушгины хатгалаа хүндэрсэн гэх оношийг аймгийн эмч нар тавьж, 13 А маягтаа тэгж хийж өгсөн. Хүү маань тэр үед хатгалгаа тусч, тэр нь хүндэрсэн байв. 
 
-Нүдний тасагт хэзээ хэвтэв?
- Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд хэвтсэн. Хэвтсэнийхээ маргааш хэлээд баруун нүдний хагалгаанд орсон. Эмч нар нүдний хагалгаанд орохгүй л бол болохгүй аяганаасаа мултарч гарлаа гэсэн тул аргагүй эрхэнд хагалгаа хийлгэсэн. Тэгэхгүй бол нөгөө нүд нь бас аяганаасаа мултарч унана гэсэн юм. 
 
-Хотод ирээд л хавдар тусч гэдгийг нь мэдсэн юм уу?
-Тийм. Аймгийн эмч нар юу ч хэлээгүй. Түүнээс болж бид их хугацаа алдсан. Тухайн үед багийн эмч өөрөө мэдэхгүй байсан бол ядаж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн бол хүү минь нүднээсээ салахгүй байсан болов уу гэж бодох юм. Эмч нар эхний онош зөв тавигдсан бол ийм байдалд хүрэхгүй гэж хэлсэн болохоор Энхмаа эмчид гомдоод байх юм. 
 
-Хүүхдэд чинь ямар нэгэн зовиур илрээгүй гэж үү?
-Ямар ч зовиур илрээгүй. Нүдэнд нь л цагаа уначихсан байсан. Эхний үед хүү маань нүдээ хөдөлгөж хардаг байсан. Сүүлдээ нүдний цагаа нь томроод ирэхээр нүд нь тогтворгүй болдог юм билээ. Тэгээд л аймгийнхаа эмчид үзүүлсэн.
 
-Одоо хүүд тань ямар эмчилгээ хийж байна?
-Химийн эмчилгээ хийлгэж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн удаа курс эмчилгээ хийлгэчихээд байна. Химийн тариа хүүгийн минь дархлааг сулруулж, байнга лаагаар өвчнийг нь намдааж байгаа. Мөнхийн л зовиуртай байх юм. Заримдаа эмчилгээндээ ядраад хөхөө ч хөхөж чаддагүй. 
 
-Танай хүүтэй ижил оноштой өөр хүүхэд байна уу. Тэд та хоёр шиг учраа олохгүй яваа юм биш байгаа? 
-Яг хэчнээн хүүхэд хүүтэй минь ижил өвчнөөр өвдөж, шаналж байгааг мэдэхгүй байна. Химийн эмчилгээ дөрвөн хүүхэд хийлгэж байсан боловч тэд бурхан болсон, хөөрхий. 
 
Тиймээс хүүгээ эмчил­гээгээ даахгүй байх вий гэхээс орох байх газар олдохгүй юм. Ямар ч аргаар болов хүүгийнхээ үлдсэн ганц нүдийг авч үлдмээр байна. 
 
Та бүхэн надад туслаач. Ядах нь аа, хаана ямар эмнэлэгт хандахыг чиглүүлээд өгөх хүн олдохгүй юм. Бид гурав хотод газар мэдэхгүй болохоор Эрүүл мэндийн яамны гадаа өдрийг барж байна. 
 
-Хэн гэдэг албан тушаалтантай уулзав? 
-Эмч нар химийн л тариа хийгээд байгаа юм. Химийн тариаг миний хүү дийлэхгүй нь бололтой. Сүүлийн найдвар бол үлдсэн зүүн нүдийг нь авна л гэх юм. 
 
Миний хүү цаашид яаж амьдрах юм бэ. Хэрвээ миний хүүд минь таардагсан бол би донор болмоор байна. Даанч нэг настай хүү, гуч гарч яваа хүн хоёрын нүд хоорондоо яаж таарах билээ дээ. 
 
-Н.Удвал сайдаас ямар нэг байдлаар хариу өгөв үү? 
-Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр дээр би хоёр ч удаа захиа бичсэн. Надад ямар ч хариу өгөөгүй. Үнэхээр ядарсан, хөдөөний мань мэтийг тоодоггүй хүн бололтой. Бас багийнхаа эмчид маш их гомдож явна. Энхмаа эмч бидэнд үнэнийг хэлсэн бол хүү маань хараагүй ч гэлээ нүд нь аягандаа байх байсан. 
 
-Цаашид яах бодолтой байна вэ?
-Үлдсэн нэг нүдийг нь л авч үлдмээр байна. Эрүүл мэндийн сайдтай уулзах гэж олон сар хөөцөлдлөө. Нөгөөтэйгүүр, үнэхээр манай аймгийн эмч нарын ур чадвар муу байна. 
 
Ээжийн маань дүү эмч нарын буруутай үйлдлээс болоод амиа алдсан. Бөөрний үрэвсэл хүндэрчихсэн байхад нь явуулсаар байгаад алчихсан. Эрүүл мэндийн салбар, эмч нар ямар хариуцлагагүй юм гэдгийг би биеэрээ мэдэрч явна даа. Өөр надад хэлэх үг алга. 
 
А.Батсайхан: Ажлаа­саа халагдах ч яахав, хүү минь надад хэрэг­тэй шүү дээ
/Хүүгийн аав/ 
 
-Та сайдад багийнхаа эмчийн талаар хэлэх үү? 
Зовлон дээр зовлон нэмээд яахав гэж бодоод чимээгүй л явна. Хүү минь эрүүл болох чухал. Хэрэг хуучрахгүй шүү дээ. 
 
-Таныг ажлаасаа халагдсан гэж эхнэр тань хэллээ? 
-Би айм­гийн­хаа “Дөр­вөлж” компанид таван жил ажилласан. Хүүгээ нүдний хорт хавдар туссаныг мэдээд чөлөө авсан. Хэцүү зовлонтой үедээ хүн ажлын хамт олноо их хардаг юм билээ. Гол нь тэднээсээ сэтгэл санааны дэмжлэг хүсч байлаа. 
 
-Ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Галч. 
 
-Удирдлагууд тань ойлгохыг хичээсэнгүй юу? 
-Олон хоногоор ажлаа хаяж явсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэсэн. 
 
-Та хууль дүрмийнх нь дагуу чөлөө авсан биз дээ?
-Тийм. Дарга нартаа өргөдлөө бичиж өгсөн. Уг нь би орлогч захиралдаа өргөдөл бичиж өгсөн юм. Гэтэл том захирал маань халчихсан.
 
-Одоо зээлээ яаж төлнө. Дээр нь хүүгээ гадагшаа авч явбал мөнгө хэрэг болох байх даа?
-Зээлээ нэгдүгээр сараас хойш төлөөгүй. Үнэнийг хэлэхэд банкны зээл төлөх ямар ч боломж алга. Цаашид яаж амьдрах юм, бүү мэд. 
 
Ямар ч л гэсэн хүүгээ хорвоог харах нүдтэй нь л үлдээхийг хүсч байна. Эрхтэн авна гэвэл би өгөхөд бэлэн байна. Би залуу хүн учраас миний эрхтнүүд эрүүл. Би биш хүү маань хорвоод үлдэх учиртай. Эцэг хүний эцсийн шийдвэр ийм л байдаг юм байна. 
 
Уншигч та аргаа барсан эцгийн сэтгэлийг ойлгож байгаа нь лавтай. Магадгүй Цэнгэлмаа эмчийн зөвлөснөөр гадагшаа яваад эмчилгээ хийлгэчихвэл хүүгийн бүдэг бадаг ч болов гэрэлтэй байгаа нүд нь аяганаасаа мултрахгүй үлдэх ч юм билүү. 
 
Хэрэв хүүд туслахыг хүсвэл Хүсэлбаатар хүүгийн нэр дээр Хаан банкны 502 693 9080 гэсэн данс нээгдсэнийг дуулгах байна. 
 
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: