sonin.mn
Сайхан аавыгаа санаад л санаад л алхана. Санан санан алхахдаа нэгэн сайхан дууг амандаа аялнам. Сайхан боловч гунигтайхан дуу. 
 
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай 
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай 
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай 
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай... энэ дууг аялах бүрийд сайхан аавын минь гэгээн дүр сэтгэлд ургаад л ирнэ.
 
Аав минь жирийн л нэгэн малчин хүн байлаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрж өссөн хэдий ч Дарханы цагаан тоосгоны үйлдвэрээс гавьяаны амралтандаа гартлаа тракторын жолооч хийсэн хүн.
 
Тэтгэврээ тогтоолгосны дараахан тэндээсээ нүүж агь үнэртэж, дэрс нь бөхөлзсөн талд хонь ямаа, үхэр тугалтай хөөцөлдөж амар жимэр амьдарсан. Аав минь хүдэр чийрэг талдаа. Өөрөө л зөв гэж бодсон бол хэн юу гэж ч хэлж сэнхрүүлж байсан эргэж буцдаггүй хүн байв. 
 
Энэ зангаасаа болоод заримдаа алддаг ч түүнийгээ юман чинээ тоодоггүй хатуужилтай. Илүү дутуу үггүй ч иртэй хутга шиг хурц үгтэй, хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг шударга хүн явсан. 
 
Архи уучихаараа жигтэйхэн агсам. Дургүйгээ хүргэсэн хэнтэй ч болов нударга зөрүүлчихдэг тийм л нэгэн эр байсан. Аав минь бас зөрүүд, гөжүүд хүн байлаа.
 
Ногоотой хоол иддэггүй сонин хүн. Үүнээс нь болоод ээж аавтай жигтэйхэн маргана. Харин аав “Би та нар шиг ногоо иддэг ямаа биш” гэсэн хэдхэн үгээр амыг нь таглачихаад хоолоо ч идэлгүй гараад явчихдаг байж билээ. 
 
Хүн амьдралын бэрх замыг туулах тусам хат сууж, хийж бүтээхийн цаана гарах тусам ухааждаг юм байна... гэж ярина. Ер нь амьдралыг тэмцлээр, ухаанаар, хөдөлмөрөөр босгох хэрэгтэй... гэж сургана. Жаахан байхдаа сонсдог байсан эцгийн минь эдгээр онолууд одоо миний амьдралдаа баримталдаг зарчмуудын нэг болсон.
 
Он цагийн шуурганд гандаж үлдсэн 1997 оны намар. Долоохон настайдаа ааваасаа өнчирчихөөд нулимстай нүдээрээ хорвоог ажиж суухдаа анх удаа амьдралын эрээн барааныг мэдэрсэн шиг... Хараа гол хүрэнтэн хуйлран урсч, эргийнх нь дэрс салхинд нь сэнсэртэл шуугьж хүнийрхэж байсан нь одоо ч тод санагддаг. 
 
Тэгэхэд л аавыгаа “Холын уул” болчихсоныг бүүр түүрхэн гадарлах шиг болж билээ. Аав минь миний хэзээ ч очиж чадахааргүй “Холын уул” болчихоод алсаас хүүгээ ажиж байгаа гэдэгт итгэнэм. Дэндүү хатуу хорвоод учраа олохгүй тэмтчин байхад дэргэд минь байхгүй эцэг минь тэнгэрээс нэгийг шивнэнэ...
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: