sonin.mn
Би гэдэг хүн дэргэдээ суугаа, эсвэл цонхны цаана зогсч байгаа хэн нэгний сэтгэл доторхийг харахсан гэж цаг ямагт хүсдэг. Энэ л хүсэл минь намайг залуу яруу найрагч Ө.Үлэмжтөгстэй уулзаж, ярилцах завшаан олгожээ. 
 
Гэхдээ түүний дотоод сэтгэл рүү нь бус тархи руу нь нэвтрэх түлхүүрийг олж аваад, тэрхүү ертөнцөөр хэдэн хормын турш эрх дураараа зугаалмаар санагдав.
 
Магадгүй Ө.Үлэмжтөгсийн тархины оршин суугчид л ийм хачин жигтэй бодлыг надад илгээсэн байх. Ингээд олныг нуршилгүйгээр “Шинэ үнэр” утга зохиолын бүлгэмийн гишүүн, зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийг “Шинэ танил” буландаа урьж, ярилцсанаа хүргэе. 
 
-Хүмүүс нэгнийхээ сэтгэл, зүрх рүү нь өнгийх юмсан гэж ярьдаг. Гэхдээ яагаад ч юм би таны тархи руу өнгиймөөр байна?
-Өнгийж болдог бол дуртайяа зөвшөөрье. Нэг ч болтугай хүн миний тархинд юу өрнөж байгааг мэдвэл сонирхолтой шүү дээ. 
 
-Яг одоо таны тархинд ямар хүмүүс амьдарч байна вэ?
-Саяхныг хүртэл их хотын ганцаардмал зожиг хэрнээ амьдралын мөн чанарыг хайсан иргэд амьдарч байлаа. Одоо тэд номон дотор, уншигчдын тархинд оршин суух болсон. Харин яг өнөөдөр өөр нэг нөхөр бойжиж эхлэх гээд л байж байна. 
 
-Шинээр бойжиж байгаа тэр зүйл чинь хүн үү, эсвэл урьдын адил зүүд, зөн билгийн зүйл үү?
-Аль нь ч байсан тэр зүйл хэн нэгний дүрээр илрэхээс өөр замгүй л дээ. Гэхдээ эргээд бодоход миний зохиолын дүрүүд их бүдэг хүмүүс байдаг юм шиг ээ. Царай төрх, зан араншингийн хувьд уншигчдад барьцгүй. Магадгүй би өөрөө дүрүүдээ тод харуулахыг ч хүсдэггүй байх. 
 
-Харин та ямар хүн бэ. Арай зохиолынхоо дүрүүд шиг “бүдэг” нэгэн юм биш биз?
-Миний хувьд яг эсрэгээрээ. /Инээв/ Юу хэлж ярих, бодох, илэрхийлэх гээд ааш араншин маань их тод илэрдэг. Харин миний дүрүүд яагаад тийм байдгийг мэдэхгүй юм. Тэгээд ч тийм олон зохиол бичиж, олон дүр бий болгосон биш дээ. 
 
-Хэдхэн сарын өмнө тархиныхаа оршин суугчдад “Иргэншлээс олгох тасалбар” захиалаад бусдын тархи руу нисгэчихсэн. Тэднийгээ үгүйлж байна уу?
-Хүүхэд эцэг, эхээсээ өрх тусгаарладаг шиг тэд тусдаа гарсан. Харин “Би миний дотны анд” жүжгийн гол дүрдээ гэр орон зэхээд өгчихмөөр байна. Өөрөөр хэлбэл тайзан дээр амьдруулахыг хүсч байна гэх үү дээ. Одоогоор зөвхөн яриа төдий л байна. 
 
-Анзаараад байх нь ээ, манайд тайзнаа тавигдаж байгаа жүжиг, дэлгэцэнд амилж байгаа кино ч тэр хэдхэн хүний зохиолоор бүтдэг. Гэтэл залуу зохиолчдын олонх нь тань шиг хүсэлтэй явна. Яагаад найруулагчид залуу зохиолчдыг олж харахгүй байна вэ?
-Би харагдахгүй байж магадгүй ээ. Миний хувьд хоёрхон найруулагчид л зохиолоо уншуулсан төдий. Харин хэдхэн зохиолч зохиол бичээд байгаа нь найруулагч, продюсерүүд залхуу ханддаг болоод л тэр байх. 
 
-Үнэхээр тийм гэж үү. Би өөрөөр бодож байлаа?
-Тэд эрж хайдаггүй. Эрж хайсан ч өмнө нь юу бичиж, бүтээж байсныг нь мэддэггүй. Тиймээс эрсдэл гаргахыг хүсдэггүй. Тийм болоод л өмнө нь арилжааны кино, эсвэл нэг хуулбар жүжиг бичсэн нөхөрт эргээд ханддаг байх. 
 
-Хэрэв таны хэлсэн үнэн бол Монголын урлаг хэзээ ч урагшлахгүй нь дээ?
-Агентлагууд их болоод, тэдгээр агентлаг нь мэргэжлийн түвшинд ажиллаад эхлэхээр нөгөө л киноноос кино дамжин эргэлдсэн хэдхэн жүжигчин, хоёр гуравхан найруулагч, ганц хоёр зохиолчийн тойргоосоо гарах байх л даа. Ингэхийн тулд продюсерийн алба л сайн эрэл, хайгуул хийх хэрэгтэй дээ.
 
-Тэр цаг ойрхон байх болтугай. Ярилцсанд баярлалаа. 
 
Б.Төрбат
 
Эх сурвалж: