sonin.mn
Халх голын 75 жилийн ойд зориулж Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын хурандаа генерал Ж.Лхагвасүрэн агсны хүүтэй ярилцлаа 
 
-Халх голын дайнд таны аав Монгол талаасаа голлох үүргийг гүйцэтгэсэн. Түүний хийсэн гавьяаг одоо та яаж харж байх юм бэ?
-Маршал Г.К.Жуков Халх голд Улаанбаатараар орохгүй шууд Дорнодоор орж ирсэн. Энэ үед нь маршал Х.Чойбалсан “Шинэ удирдагч явуулсан. Маршал Г.К.Жуковтой очиж уулзъя” гээд аавыг дагуулаад явсан байдаг. Тухайн үед маршал Г.К.Жуков Оросын цэргийг, аав маань Монголынхоо цэргийг командлаад, давхар маршал Г.К.Жуковын орлогч хийж байлаа. 1939 он шүү дээ. 
 
Ингээд л “За чи энэ хүний орлогч болно шүү” гэж хэлээд үлдээсэн байдаг юм. Тэгээд л Халх голын дайныг дуустал тэндээ ажилласан. Хэлмэгдүүлэлт гэж айхавтар зүйл болоод хамаг дарга нарыг нь шоронд хориод, заримыг нь хороож байсан үе.
 
Тиймээс ЗХУ-ын цэрэг, улстөрийн академийн дэргэдэх улстөрийн ажилтны хоёр жилийн курст сураад, дахин хоёр жил ахлагчаар ажилласан болохоор аавыг энэ албанд тавьсан байх. Тэр үед аав маань 27-хон настай залуу байж дээ. 
 
-Нэг үеэ бодвол Ж.Лхагвасүрэн генералын талаар нэг их дурьдахгүй байх шиг. Тэр хүний гавьяаг мартаад ч байгаа юм шиг санагдах боллоо. Та юу гэж боддог вэ?
-Сүүлийн үед түүхээ мартагдуулах ажил их хийгдэж байна. Гэхдээ 1945 оны болон Халх голын дайны аль алинд нь армиа командлаад, фронт дээр байсан болохоор энэ хүний хийсэн ажил, үйлдсэн гавьяаг үгүйсгэж чадахгүй байна.
 
Гэхдээ өнөөдөр л гэхэд баярын хурал дээр Батлан хамгаалахын сайд Ц.Бат-Эрдэнэ илтгэл тавихад аавын нэр нэг ч дурьдагдсангүй. Ерөнхийлөгч бол ерөнхий их сайхан үг хэлсэн. Тэгсэн мөртлөө Халх голын дайнд ямар ч хамаагүй хүмүүсийн нэрс гарч байх юм.
 
Энэ жил Л.Дандар баатар, генерал Б.Дорж нарын дөрвөн хүний мэндэлсний 100 жилийн ой болж байна. Гэтэл генерал Б.Дорж Халх голын дайнд ямар ч хамаа байхгүй. Ийм байхад энэ хүмүүсийн 100 жилийн ойг тэмдэглэлээ гээд тэр илтгэлд гарч байна лээ.
 
Гэтэл жанжин Ж.Лхагвасүрэнгийн талаар байхгүй. Гэхдээ тэр үед командлагч нь Х.Чойбалсан байсан болохоор аавын талаар дурьдаагүй ч байж болох юм. Ер нь аливаа ажлыг хийж байгаа нь биш удирдаж байгаагийнх нь нэр гардаг шүү дээ.
 
Жишээ нь, хээрийн сургуулийг армийн жанжин штабын орлогч дарга очоод бэлдчихэж байгаа юм. Гэтэл тус сургуулилалтад орсон Зөвлөлтийн болон өөр бусад хүний нэр гардаг хэрнээ тэр хүний нэр гардаггүй.
 
Учир нь нөгөө хүн ард нь ажлаа хийгээд, бэлтгэл хангаад завгүй байгаа шүү дээ. Гэхдээ яахав хүндэтгэлийн тоглолт дээр Л.Мөрдоржийн хөгжим “Залуу жанжин” гэдэг дууг нь дуулсан. 
 
-Таны аав 10 жилийн турш Батлан хамгаалахын сайдын алба хашсан. Энэ томилгоог нүдээ олсон гэж үздэг юм билээ?
-Арми татан буугдчихсан үед аавыг томилж Батлан хамгаалах яам байгуулсан. Энэ томилгоо тухайн үед үнэхээр нүдээ олсон шийд байж чадсан. Учир нь тухайн техникийн баазаа хойд хөршөөс авч, бэлтгэл, сургуулилалтаа ч ЗХУ-д хийдэг байсан.
 
Тэгэхээр ЗХУ-ын сайд дарга нартай дайны үеийн анд нөхдийн барилдлагатай Л.Лхагвасүрэнгээ сонгохоос өөр яахав. Ааваас өмнөх болон хойшхи бүх сайд нарын хэн нь ч хойд хөрштэй тийм сайн харилцаатай байж чадаагүй. Фронтын, дайны найзууд гэдэг чинь нандин холбоо шүү дээ. 
 
-Тэр үед “том” даргын хүүхэд байх ямар байв. Аавын бийд газар үз гэдэг шиг сайн тал зөндөө бий биз?
-Одоогийн дарга нарын хүүхдүүдийг би мэдэхгүй юм. Миний хувьд хэзээ ч ааваараа түрий барьж байсангүй. Гэхдээ ганцхан удаа ийм зүйл болсон. Аавыг Батлан хамгаалахын сайд байх үед би дунд сургуулиа төгсөөд шууд Жуковскийн академид элссэн.
 
Энэ чинь аавын л ач шүү дээ. Учир нь аавтай хамт Халх голын дайнд байлдаж явсан маршал Малиновский тэр үед ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд байсан.
 
Тэр ч бүү хэл маршал Г.К.Жуков өөрөө тэтгэвэртээ гарчихсан ч гэсэн амьд сэрүүн байлаа шүү дээ. Тэгэхээр дайны үеийн найзууд нэгэндээ туслалгүй яахав. Одоогийнхоор бол арын хаалга юм уу даа. 
 
-Тэгэхээр та академид дүрэм, журмынх дагуу элсээгүй хэрэг үү?
-Уг нь ном дүрмээрээ бол цэргийн тусгай дунд боловсролтой, алба хаасан хүн академид явах ёстой байдаг. Ингээд удалгүй тушаал гарч 1962 онд Жуковскийн цэргийн академид элсэхэд тусгай дунд боловсролтой Ю.А.Гагарин, Г.С.Титов нар бас элссэн.
 
Гэхдээ тэд намайг бодвол хэдийнэ сансарт нисчихсэн баатрууд байсан. Хэдийгээр хамт элссэн ч яалаа гэж тэдэнтэй мөр зэрэгцэн зогсох билээ дээ. Ю.А.Гагариний групп гэж тусдаа бүлэг бий. Тэд тэнд суралцсан. 
 
Харин намайг 1967 онд төгсөхөд тэд төгсөөгүй. Мэдээж тэр хүмүүсийн бэлтгэл, сургуулилалт, үзэх хичээл нь урт хугацаатай тусдаа байдаг биз. Мэдээж нэгэнт л ийм зүйл болсон болохоор аавынхаа нэр, нүүрийг хугалахгүйг бодон хичээж, сайн суралцаж, төгсөөд инженер болсон.
 
Нутагтаа ирээд Агаарын харилцааны газрын инженер, дараа нь Налайхад байсан Батлан хамгаалах яамны сөнөөгч онгоцны тусгай эскадрилийн инженер хийж байсан.  Түүнээс хойш ИНЕГ-ын ерөнхий инженерээс дарга хүртэл явсан.
 
Долоон жил энэ газрын даргаар ажиллаж байгаад хэсэг завсарлаад 1993 онд дахин даргаар очиж гурван жил ажилласан. Нийт 10 жил ИНЕГ-ын даргын алба хашсан. Ингэж олон жил ИНЕГ-ын дарга хийсэн хүн цөөхөн.
 
Энэ бүхэн хэний ач юм гэхээр ерөөсөө л аавын маань ач. Аавын ачаар дэлхийн цөөхөнд тооцогддог мундаг сургуульд дэлхийн боловсрол эзэмшсэний ач шүү дээ. Зүгээр нэг малчны хүүхэд бол тэр сургуульд явж чадахгүй шүү дээ. 
 
-Генералын хөшөө хэдийд баригдсан юм бэ. Ингэж мөнхлөх санааг анх хэн гаргаж байв?
-Нэг хэсэг зууны манлай гэж олон хүн тодруулсан. Энэ үеэр XX зууны Монгол Улсын цэргийн гарамгай зүтгэлтэн гэдэг төрөлд жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон манай аав нарын нэр байсан. Үүнээс аав маань 90 хувийн саналаар шалгарсан.
 
Түүнээс хойш аавыг мөнхжүүлэх олон ажил хийсэн. Түүний нэг нь энэ хөшөө байгаа юм. Мөн Г.К.Жуковын хөшөөний гудамжийг аавын нэрэмжит болгосон. Хөшөөний тухайд урчуудын эвлэлийн хорооны уран барималч Лха.Ганхуяг урласан. Санхүү болон бусад асуудлаас болж энэ ажил удааширсаар 2000 оны есдүгээр сарын 4-нд албан ёсоор нээж байсан.
 
Энэ өдөр дэлхийн хоёрдугаар дайн дууссан ойн өдөр байсан. Тухайн үед нээлтэд нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нар оролцсон. 
 
-Иргэдийн дунд байрлал муутай гэх яриа байдаг. Өөр газар байрлуулж болоогүй юм уу?
-Байрлал муутай газарт байрлуулсан гэж хүмүүс ярьж л байдаг юм. Одоо энэ зам, гүүрийн засвар хийгдэж байгаа болохоор байршлыг нь жаахан өөрчлөх байх. Энэ талаар хотын удирдлагууд надаас асууж байна лээ, хааш нь зөөвөл зүгээр вэ гээд. 
 
Гэхдээ Л.Дандар баатрын хөшөө офицеруудын ордны хашаанд байдаг хэдий ч түүнийг хэн ч харахгүй шүү дээ. Тийшээ орж байгаа хүмүүс л юу юм гэхээс биш. Миний хувьд энэ хавиас нь нэг их холдуулмааргүй байгаа юм. Өөр газар аваачвал хэн ч харахгүй шүү дээ.
 
Харин одоо байгаа энэ газрыг нь тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Ш.Жадамба олж өгч байлаа. Нүүлгэлтийн хувьд Лха.Ганхуягтай ч мөн холбоотой яагаад гэхээр энэ хөшөө дурсгалууд чинь оюуны өмч болохоор уран барималчных нь зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх нь битгий хэл засч ч болдоггүй юм. Мэдээж нүүлгэхээр суурь нь гэмтэж таарна. Энэ засварыг нь Лха.Ганхуяг л хийнэ шүү дээ. 
 
-Энэ жил Халх голын дайны 75 жилийн ойг нэлээд өргөн тэмдэглэж байна. Гэтэл гарамгай жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөсөнгүй. 
-Уг нь жил бүр цэргийн баяраар Батлан хамгаалах яам заавал цэцэг өргөдөг. Энэ удаа яагаад ч юм чимээгүй л байна. Уг нь төлөвлөгөөндөө байсан л баймаар юм. Энэ дайны гол хүний нэг шүү дээ. 
 
-Та одоо ямар ажил хийж байгаа вэ. Аавынхаа ач тусын хэргийг гаргаж байна уу?
-Одоо би ШУТИС-ийн хуучин МИС буюу Тээвэр механикийн сургуульд профессороор ажиллаж байгаа. Тэнд нисэхийн инженерийн анги нээж, профессорын багийг ахлан 2000-2006 онд ажиллаад түүнээс хойш зөвлөх профессор болсон.
 
Одоо ч сургуульдаа профессороор ажиллаж байна. Манай сургууль онгоц ашиглалтын инженер бэлтгэдэг. Жуковскийн академид эзэмшсэн миний үндсэн мэргэжил шүү дээ. 
 
Эхэндээ тус сургуульд олон төрлийн хичээл заадаг байсан. Харин сүүлийн үед залуу багш нартай болж би төгсөх ангид “Тийрэлтэт хөдөлгүүрийн удирдлагын автомат” гэж ганц хичээл зааж байна. Энгийнээр бол тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн хэрхэн удирдах онолын талаар хүүхдүүдэд зааж байна даа.
 
М.Санчир
 
Эх сурвалж: