sonin.mn

Өдгөө 93 жил Монгол Улсаа дэлхийн дахинд таниулан, сурталчлах үйл ажиллагаа явуулж ирсэн хэвлэл, мэдээллийн ууган байгууллагын нэг  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас санаачлан өөрийн орчуулагч, редактор, нийтлэлч, сэтгүүлчид болон хэвлэх үйлдвэрийн хамт олны хүчээр дэлхий дахинд алдаршсан улс төр-нийгмийн зохиолуудыг олон хэлнээс орчуулж гаргасан зургаан цуврал номыг монголчууддаа өргөн барилаа.

Өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг тус цуврал номыг олны хүртээл болгоход онцгой хувь нэмрээ оруулсан агентлагийнхаа уран бүтээлчдэд дээжээс нь гардуулан өгч, баяр хүргэв.

“Гурван тунхаг, зургаан онол”, “Жүчэ ба сонгуны тухай”, “Ногоон нам”, “Сонгомол зохиолын ишлэлүүд”, “Империализм бол капитализмын дээд шат мөн”, “Сионы мэргэдийн протоколууд” хэмээх зургаан цуврал ном нь манай хамт олон хагас жил гаруйн хугацаанд эрдэм оюун, соёл, боловсролыг дээдлэгч аливаа улс орны иргэд мэдвэл зохих охь бүтээлүүдээс эмхэтгэн хөрвүүлж ийнхүү бэлэн болжээ.

МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор Ц.Сүрэнжав, “Монгол мессенжер” сонин, “Өнөөгийн Монгол” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Г.Пүрэвсамбуу, “Новости Монголии” сонины орчуулагч, редактор Б.Ариунбаяр, Ж.Батсайхан, Агентлагийн орлогч дарга Ш.Батболд, “МОНЦАМЭ тойм” сэтгүүлийн тоймч Б.Адъяахүү, Эх бэлтгэл, дизайны албаны удирдагч Н.Батсүх, дизайнер Н.Гал-Ундрах, Л.Эрдэнэсувд, хэвлэх үйлдвэрийн дарга С.Баярсайхан нарт энэхүү цуврал номын дээжийг өнөөдөр гардуулав өгөв.

Энэ үеэр ерөнхий редактор Ц.Сүрэнжав, "Уг цуврал ном бол МОНЦАМЭ-гийн хамт олны бараг анхны гэж болох хамтын бүтээл болж агентлагийн түүхэнд мөнхөрч үлдлээ. Манай хамт олон нэг баг болж  амжилттай ажиллаж чадахын үлгэр жишээг харуулсан төдийгүй цаашдаа уран бүтээлчдийнхээ оюуны их нөөц боломжийг ашиглан дэлхийн сонгодог бүтээлүүдийг  хөрвүүлэн уншигч олон, хойч ирээдүй болсон залуусаа соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах болно" гэлээ.

Д.Өлзий

Эх сурважл: "Монцамэ" агентлаг