sonin.mn

ГАЗА. /Xinhua/. Израиль болон Палестины лалын “ХАМАС” бүлэглэл долоо хоног байлдсаны дараа урт хугацаанд гал зогсоохоор зөвшилцлөө. Орон нутгийн цагаар өчигдөр оройн 07:00 цагаас тодорхой хугацаагүйгээр гал зогсоох тухай Египетийн зуучилсан хэлэлцээрийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна.

Газын зурвасын оршин суугчид Палестины төрийн далбааг гартаа барьж, гудамжинд гаран эвлэрэх болсныг тэмдэглэжээ. Египетийн Засгийн газрын мэдэгдсэнээр, хүмүүнлэгийн тусламж болон барилгын материал оруулахыг Израиль зөвшөөрөн Газын зурваст тавьсан эдийн засгийн хоригоо зөөллөхөөр болсон байна.

Мөн Газын зурвасын эргийн загас агнуурын бүсийг тэлэхээр болжээ. Өнгөрсөн сарын эхээр Газын Зурваст Израиль агаараас цохилт өгч эхэлснээр Израиль-"ХАМАС"-ын байлдааны ажиллагаа ширүүссэн юм.

“ХАМАС”-ын пуужин харваж байгааг зогсоохын тулд агаарын цохилт өгч эхэлсэн гэж Израилийн албаны хүмүүс мэдэгдэж байсан. Харин дараа нь Израиль газраар довтолж эхэлсэн билээ. Газын зурваст хэдэн долоо хоног үргэлжилсэн байлдааны ажиллагааны үеэр 2100 гаруй хүний амь үрэгджээ. Израилийн талд 60 гаруй хүн амь үрэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг