sonin.mn

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийт 176,4 сая төгрөгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ.

Тоног төхөөрөмжүүдээс дурдвал ургийн монитор, амьсгал дэмжих аппарат, зүрхний бичлэгийн аппарат, 24 цагийн хяналтын зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нярайн амьсгалын СИПАП аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, судас гэрэлтүүлэгч төхөөрөмж, гемодиализийн аппарат, дуслын шахуурга, сүрьеэгийн оношилгооны женексперт зэрэг тоног төхөөрөмжүүдийг шинээр хангасан байна.

Иргэдийн чирэгдлийг бууруулах зорилгоор зарим шинэ кабинет, тасаг нэгжийг бий болгож эмнэлгийн тусламж авах хүлээгдлийг бууруулж байна. Тухайлбал аймгийн нэгдсэн эмнэлэгт өдрийн эмчилгээний кабинетыг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр мэдрэл, сэтгэцийн тасгийн орны хүлээгдлийг 10-15 хувь буруулсан байна. Мөн Поликлиникийн тасагт цахим бүртгэл, цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр мэдрэл, дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн ЭХО, шүдний кабинетийн хүлээгдлийг 8-10 хувь бууруулсан дүн гарчээ.

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхи нэмэгдсэнээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, цөсний чулуу, элэгний киста, өндгөвчний киста, хэвлийн наалдац салгах мэс засал ба хэвлийн оношилгоо зэрэг дурангийн мэс засал хийж эхэлжээ.

Ходоод дурандаж, шууд эмчлэх уян дурангийн оношилгоо, эмчилгээ, мөн чих хамар, хоолойн дурангийн оношилгоо, эмчилгээ, тархины цус харвалтын дараах саа, саажилтыг эмчлэх ахуй, хөдөлгөөн заслын эмчилгээг нэвтрүүлээд, нутгийн ард иргэддээ үйлчилж байгаа аж. Түүнчлэн дунд чөмөгний хугарлыг түгжээт хадаасаар бэхжүүлэх эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд гемодиализын эмчилгээг ч нэвтрүүлж эхэлсэн гэдгийг тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан онцоллоо.