sonin.mn

РОМ. /ВВС/. Энэ онд Африкийн 100 мянга гаруй хүн манай улсын эрэгт хүрэхийн тулд аюултай замыг сонгож, Газар дундын тэнгисийг гатлах гэж амь насаараа дэнчин тавьсан гэж Итали мэдэгдлээ.

2011 оны "Арабын хавар" хөдөлгөөний улмаас улс орных нь байдал тогтворгүй болсноор Умард Африкийн улсууд, тэдгээрийн дотор, Ливийн олон хүн гол төлөв далайн бус завинуудаар Италийг зорих болсон юм.

Зуны улиралд далай тогтуун байдаг учир ийм цагаачдын тоо нэмэгдэх хандлагатай байдаг гэж Италийн тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 4000 орчим цагаач Италийн эрэгт очжээ.

Эрсдэлтэй аяллын улмаас цөөнгүй хүн амиа алдсан байна. Далай тэнгист эргүүл хийхэд туслахыг Европын Холбоонд Итали уриалжээ. Мөн ийм цагаачдын тоог бууруулахад туслахыг НҮБ-аас Итали хүссэн байна.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг