sonin.mn

МАХЦ-ийн нисэх хүчин эх орноо дотоод, гадаадын дайснаас хамгаалах ариун тэмцэлд оролцож тухайн үеийн "Р-1", "Р-5", "По-2", "И-15", "Як-9", "И-16", "Ил-2", "Үт-2" онгоцуудаар зэвсэглэж, нисгэгч, инженер, техникчид зэрэг мэргэжлийн боловсон хүчнүүдийг гадаад, дотоодын дээд, дунд сургуулиудад бэлтгэн 180 гаруй онгоцтой, 1200 хүнтэй нисэх хүчин болтлоо хөгжиж ирсэн түүхтэй юм.

Гучаад оноос эхлэн БНМАУ-ын гадаад, дотоод байдал түгшүүртэй болж нам төрөөс нийгэм, эдийн засаг, шашин шүтлэгийн талаар авч явуулсан арга хэмжээнд гажуудал гарч, тухайн үеийн хар, шар феодалууд дээрх алдаа дутагдлыг далимдуулан зэвсэгт үймээн, бослого хөдөлгөөн гарч байв.

Ялангуяа 1934 оноос Япон, Манжийн түрэмгийлэгчид БНМАУ-ын дорнод хил хязгаараар өдөөн хатгалаг үйлдэж, их хэмжээний зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлэн олон зуун цэргийн хүчээр 1936 оны хоёрдугаар сард манай улсын хилийг зөрчин довтолж эхэлжээ. Энэ байлдаанд нисэх бригад нисгэгч Д.Дэмбэрэл, хянагч Г.Дорж нарын жолоодсон "Р-5" онгоц дайсны цэргүүдэд цохилт өгчээ.

Цэргийн яамны сайд Г.Дэмидийн тушаалаар Баян-түмэнд байрлаж байгаа И.Г.Маны даргатай Зөвлөлтийн нисэх онгоцны эскадрильд нисэх бригадаас "Р-5" маркийн зургаан нисэх онгоцыг нэмж өгөн нисэх отрядыг зохион байгуулсан бөгөөд даргаар нь Ч.Шагдарсүрэн, комиссараар Б.Бадамхатан, штабын даргаар Ц.Машбат, сургагчаар А.В.Судец нарыг томилсон байна.

Япон, Манжийн найман машинтай 200 гаруй цэрэг 1936 оны гуравдугаар сарын 29-нд хил нэвтрэн ирж, Адаг дулааны харуул руу довтолсон тул Тамсагбулагаас Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нарын нисгэгчид "Р-5" онгоцоор 1000 метрийн өндрөөс дайсны цувааг бөмбөгдөн, пулёментоор галлаж, дайсанд их хэмжээний хохирол учруулав.

Энэ дайнд Д.Жамбаагийн онгоцны радиотор дайсны суманд гэмтсэн учир Тамсагбулагаас хойш 10 км газар аргагүйдэн буусан байна. Нисгэгч Д.Дэмбэрэл ганцаараа дайралтаа үргэлжлүүлэн хоёр цаг гаруй байлдаж, галт хэрэгслээ дуусгаж, нислэгээс гарчээ. Дайсны хүчийг хоёр онгоцоор бут цохин, дайсан үлдэгдлээ авч хилийн чинадруу ухарчээ.

Энэ байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногдсоноос өөр хохирол гараагүй байна. Дайсан хэдийгээр ухарсан боловч гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд ажиллагаагаа улам идэвхжүүлэн газрын ангиудыг бөмбөгдөж дайрснаас манай нэг хянагч алагдаж, таван нисэх онгоц гэмтэж, жагсаалаас гарчээ.

Д.Дэмбэрэл гуравдугаар сарын 30-ны өдөр тагнуулын ниспэг хийж яваад Японы гурван сөнөөгч онгоцтой тулалдаж, нэг онгоцыг нь устгаж, хоёр онгоц нь зугтсан аж.

Нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн дайсны ширүүн гал дундуур хэд хэдэн удаа амжилттай дайралт хийн,дайсанд хүчтэй цохилт өгсөн боловч баруун мөрөндөө шархдаж, өрөөсөн гараараа онгоцоо жолоодон байлдааны талбараас гарч, харуулынхаа дэргэд онгоцоо буулган, онгоц, экипажаа аварч эрэлхэг зориг, тэсвэр хатуужил гарган жинхэнэ дарга хүний чанарыг харуулж чадсан байна.

Ийм учраас МАХЦ-ийн нисэх бригад 1936 онд Япон, Манжийн түрэмгийлэгчидтэй анх удаа агаарын байлдаан хийж, гарамгай гавьяа байгуулсан Д.Дэмбэрэлд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаар тогтоолоор БНМАУ-ын "Агаарын зоригт баатар" цол, Чоймболын Шагдарсүрэнд БНМАУ-ын "Эрхэм нисгэгч" цол олгосон түүхтэй.

Мөн сургагч В.А.Судецыг "Цэргийн гавьяаны хоёрдугаар зэргийн одон"-оор, нисгэгч Р.Самдан, хянагч Ц.Лувсандамба, улс төрийн туслах Ц.Мөнхөө, хянагч С.Машбат, Б.Өлзийбат, эскадрилийм. дарга И.Г.Маны, отрядын дарга Рейфшнейдр, нисгэгч Суднык, Филь, Павлов, Мирановь нарын 21 нисгэгчийг "Байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн одон"-оор шагнажээ.

2. Халх голын дайны шөнийн бөмбөгдөлтөд нисэх хүчин оролцсон нь
Япон, Манжийн түрэмгийлэгчид манай улсын хил хязгаарт халдан довтолж, цохигдсоор нэг хэсэг намжсан боловч 1939 оны нэгдүгээр сараас эхлэн дахин өдөөн хатгаж, асар их зэвсэг техник, онгоцны нэмэлт хүч хуримтлуулан довтолж эхэлснээр 1939 оны тавдугаар сард Халх голын дайн эхэлсэн юм.

1936 онд манай зэвсэглэлд байсан "Р-5" онгоц ганц мотортой хурд багатай учир өдрийн цагаар байлдааны үүрэг гүйцэтгэхэд Японы сөнөөгч онгоц болон зенитийн галд амархан өртөж болох учир Японы онгоц шөнийн нислэг хийдэггүйг ашиглан "Р-5" онгоцоор шөнийн цагт ойрхон зайнаас байлдааны үүрэг биелүүлэх нь чухал гэж Монгол-Зөвлөлтийн цэргийн командлал үзэж дайсны ар талын бөөгнөрсөн их хүч, зэвсэг техникт цохилт өгөх нь чухал гэж үзэж, МАХЦ-ийн нисэх хүчнийг ашиглах төлөвлөгөөг боловсруулжээ.

Энэ үүргийг биелүүлэхийн тулд нисгэгчдийг богино хугацаанд шөнийн нислэгт сургаж, дадлагажуулахыг МАХЦ-ийн командлагч, бригад командлан захирагч М.Зайсановт даалгажээ. Энэ үүргээ биелүүлэхээр Баянтүмэний нэгдүгээр хороо, Сонгино дахь хоёрдугаар хорооноос дадлага туршлагатай нисгэгч, хянагч, техникчдыг сонгон авч, 10-аад экипаж бүрдүүлэн Бөхөг цагаан толгойн аэродромд 10 орчим хоног дадлага сургууль хийн Улаанбаатар хотоос нисч, ЗХУ-ын нисэх хороо байрлаж байсан Матадад ирж буусан байна.

Халх голын дайнд шөнийн нислэгээр оролцохоор Н.Зайсановын удирдлагаар нисгэгч хорооны дарга З.Бор, хянагч Д.Банзрагч, Б.Санж, техникч Л.Тогтохбуян, хянагч Л.Лувсандагва, сургагч М.П.Комендантов нарын 70 орчим хүн ирсэн аж. Шөнийн нислэгт 12 экипаж бэлтгэснээс гурван экипажийг нөөцөнд үлдээж, есөн экипаж байлдаанд оролцож, анхныхаа байлдааны шөнийн нислэгийг 1939 оны долдугаар сарын 24-нд хийжээ.

Шөнийн нислэгийн гол үүрэг нь дайсны ар талд буй бэлтгэл хүч, цэргийн цуваа, сум, галт хэрэгсэл болон бусад агуулах баазыг бөмбөгдөн буудаж, устгах үүрэгтэй байв. Манай онгоцууд Матадаас нар шингэхээс өмнө нисч фронтын шугамын ойролцоо Хамар давааны ард бэлтгэсэн буудалд үдшийн бүрийгээр ирж буугаад онгоц бүр 600 кг бөмбөг, 4000 сумаар зэвсэглэн, шөнөөр хөөрч хилийн цаана 60-70 км-т байгаа Халуун рашаан, Жинжийн сүм, Ламын сүм, Ганжуур сүм зэрэг газруудад байгаа дайсны цэргийн бүлэглэл, ар талын баазад цохилт өгч байв.

Дээрх есөн экипажийг М.Зайсанов, З.Бор, М.П.Комендантов нарын удирдлагаар гурван хэсэг болон нисч, дайсныг шөнөөр бөмбөгдөж байсан бөгөөд манай онгоцуудыг ирж буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд хамгаалдаг байжээ. Манай нисгэгчид 1939 оны есдүгээр cap хүртэл 150 удаа байлдааны нислэг, 10 удаа шөнийн бөмбөгдөлт хийж, дайсны ар талд 35000 гаруй кг бөмбөг хаяж, хүн хүч, зэвсэг техник, эд материалын багагүй хохирлыг дайсанд учруулан, 1939 оны есдүгээр сарын 16-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар Халх голын дайн дуусчээ.

Халх голын дайнд нисэх хүчнээс шөнийн нислэг хийж байх үед нисгэгчдэд тохиолдсон баатарлаг үйл явдал олон байсан юм. Халх голын дайн бол дэлхийн дайны түүхэнд хамгийн олон онгоц, техник оролцсон дайн байсан бөгөөд хоёр талаасаа 500 онгоц агаарт тулалдаж байсан ба ЗХУ-ын баатар Яковлев 70 танктай тулалдаанд ороод 20 танктай үлдэж байжээ. Мөн Халх голын дайнд ЗХУ-ын баатар цолоор 70 хүн шагнагдсаны дотор 11 нисгэгч байв.

Тухайлбал, Улаан армийн агаарын цэргийн нисэх хүчний орлогч дарга Корбус, командлан захирагч Я.В.Смушкевич, Г.П.Кровченко, С.И.Грицевиц нар энэхүү цолоор хоёр удаа шагнагдаж байжээ. Тэдний дотроос Халх голын дайнд Японы онгоцыг Монголын тэнгэрт анх удаа халз мөргөж устгасан баатарлаг тулалдаан ч болж байжээ.

Үүнд:
1. 1936 оны зургадугаар сарын 20-нд Зөвлөлтийн нисгэгчид Японы онгоцтой агаарт байлдаж явтал залуу нисгэгч В.Вусын онгоц руу Японы хоёр сөнөөгч онгоц довтолж, нэг онгоц нь сүүл талаас нь дайрч байхыг харсан В.Скобрихин Японы онгоцыг эгц урдаас нь дайрч, онгоцны дугуйг цохиж, сэнсээрээ түүний сүүл, их биеийг хүчтэй дэлссэн учир нисгэгч түр зуур ухаан балартаж эргээд харвал Японы онгоц газар унаад шатаж байжээ.

В.Ф.Скобрихин буудалдаа нисч онгоцных нь сэнс махийсан, хажуу тал нь гэмтэж, Японы онгоцны дугуйны хагас нь сэнжлэгдсэн байхыг харсан, нисэх хорооныхон бахдан биширч, Зөвлөлтийн нисэх хүчний түүхэнд хоёр дахь удаа дайсны онгоцыг Монголын тэнгэрт халз мөргөн устгажээ.

2. 1939 оны наймдугаар сарын 3-нд Зөвлөлтийн сөнөөгч онгоцны ахмад В.П.Густов Японы бөмбөгдөгч онгоцыг пулемётоор буудсан боловч сум нь дууссан учир Японы нисгэгч бараг дэргэд нь хүрч ирсэн учир Густов мөргүүлж устгах зоригтой шийдвэр гаргаж, онгоцныхоо сэнсээр Японы онгоцыг оноход агаарт эвдэрч өөрөө ч баатарлагаар нас барж хоёр дахь халз мөргөлт хийжээ.

3. Зөвлөлтийн сөнөөгч онгоцны нисгэгч дэслэгч А.Ф.Мошин 1939 оны наймдугаар сарын 4-нд Японы нэг сөнөөгч онгоцыг устгаад, нөгөөг нь хөөж пулемётоор буудсан боловч самураи ниссээр байжээ. Ийм учраас дайсны онгоцыг агаарт мөргөж устгахаар шийдвэрлэж, сэнсээрээ дайсны онгоцны бөгсийг хяргаж устгасан байна.

4. Жигүүрт баатрын нэг нисгэгч Г.П.Рахов Японы онгоцыг дайрч мөргөн сөнөөгөөд, онгоцтойгоо элсэн манханд эсэн мэнд бууж, өлсөж цангахын зовлон үзэж явсаар ангидаа ирж байжээ.

1939 оны дайнд Японы самурайн найман онгоцыг унагаж, эр зориг, нислэгийн уран чадвараараа хамт олондоо магтагдаж, гавьяагаа мөнхжүүлсэн түүхтэй залуу нисгэгч билээ.

5. Гучин настай хошой баатар С.И.Грицевец Халх голын байлдаанд нисэх хороог чадамгай зохион байгуулж, дайсны 10 гаруй онгоцыг агаарын байлдаанд сөнөөж байсны зэрэгцээ нисэх хорооны дарга В.М.Забалуев Японы онгоцтой тулж байгаад онгоц нь сөнөөж, өөрөө дайсны ар талд шүхрээр бууж явахыг хараад фронтын шугамнаас 30 гаруй км-т онгоц буудаггүй бартаатай газар бууж ганц хүний суудалтай онгоцондоо суулгаж, дайсны дээгүүр фронтын шугамыг даван нисэх буудалдах эсэн мэнд бууж, нөхрөө самурайн савраас аварсан түүхэн эрэлхэг баатарлаг гавьяаг үнэлж ЗХУ-ын баатар цолоор анх удаа шагнаж байжээ.

6. ЗХУ-ын хошой баатар алдарт нисгэгч Г.П.Кравченко Халх голын байлдаанд нисэх хороогоо чадварлагаар командлан Японы 18 сөнөөгч онгоцы устгаад онгоцны  шатахуун дууссан учир дайсны фронтын шугамнаас хол бууж, гурав хоногийн дараа явганаар ангидаа ирж зориг баатарлагийн үлгэр дуурайллыг үзүүлсэн тул ЗХУ-ын хошой баатар, хоёр алтан таван хошуу медалиар шагнаж байжээ.

Халх голын дайнд манай орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний төлөө Японь самурай нартай Халх голын тэнгэрт эрэлхэг зориг гapгaн баатарлагаар байлдаж, xaлyyн амиа алдсан нисгэгч В.И.Густав, B.Г.Рахов, А.И.Балашов нар болон ЗХУ-ын олон арван нисгэгч баатруудын гавьяа зүтгэлийг төр засаг, МАХЦ-ийн удирдлага үнэлж "Байлдааны гавьяаны улаан туг"-ийн одон, "Алтан гадас" одонгуудаар шагнаж байжээ.

ЗХУ-ын баатар, нисэх хүчний маршал А.В.Судец 1934-1937 онд МАХЦ-ийн нисэх хүчний сургагчаар ажиллаж байсан хугацаанд Монголын нисэх хүчний oлон арван боловсон хүчнийг cypгaн хүмүүжүүлсэн алдарт нисгэгч бөгөөд БНМАУ-ын баатар Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, Д.Гунгаа генерал Н.Зайсанов, З.Бор, Ц.Очир, анхны нисгэгч эмэгтэй C.Ичинхорлоо, Б.Цэрэндолгор, Ж.Цэвээндулам нарын олон арван ахмад үеийг нисэхийн мэргэжилд сургаж хүмүүжүүлсэн, 1934 онд Консулын дэнжийн нисэх онгоцны буудалд Монголд анх удаа 800м өндрөөс шүхрээр бууж үзүүлсэн, үүний дараа манай нисгэгч Ц.Очир, дэлгүүрийн худалдагч эмэгтэй Загдхорлоо нар 1934 онд анх удаа "У-2" онгоцноос шүхрээр буужээ.

А.В.Судец маршал Дорнодын тал, алс баруун хязгаар, Алтай Таван богд, Ховд, Улаангомын чиглэлд анх удаа агаарын шинэ зам нээхэд оролцсон Монголын ард түмний хувьсгалт ололтыг харийн булаан эзлэгчдээс хамгаалан Зөвлөлт, Монголын ард түмний нисэх хүчний ах дүүгийн барилдлага, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан гарамгай гавьяаг нам засаг өндрөөр үнэлж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор А.В.Судецэд БНМАУ-ын баатар цол олгосон түүхтэй юм.

Үргэлжлэл бий

Түүхч, сэтгүүлч, нисэхийн ахмад ажилтан М.Шагдаржав

Эх сурвалж: