sonin.mn

Монгол Улс, Холбооны Бүгд найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаа бөгөөд саяхан Германы хүүхдийн найрал дууны хамтлаг өргөн бүрэлдэхүүнтэй ирж тоглолт хийсэн юм.

Олон жил хамтран ажиллаж буй тус улстай цаашид соёл, урлагийн чиглэлээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж буй талаар ХБНГУ-ын Элчин сайдын яамны Соёл, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан атташе Кристиан Зайфферттай ярилцлаа.

-Германы хүүхдийн найрал дууны хамтлаг саяхан өргөн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж монголчуудад уран бүтээлээ хүргэлээ. Цаг хугацаа шаардсан энэхүү ажлыг хэзээнээс зохион байгуулсан бэ?
-Юуны өмнө "Монголын үнэн" сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Кристиан Зайфферт гэдэг. ХБНГУ-ын Элчин сайдын яамны Соёл, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан атташе болоод гурван долоо хоног болж байна.

Энэ хугацаанд Гөрманы хүүхдийн найрал дууны хамтлагийнхан ирж уран бүтээлээ толилуулахын зэрэгцээ Монгол оронтой танилцлаа. Эдгээр уран бүтээлчийг авчрах санааг 2012 оны сүүлчээр надад нэгэн гүн хэргэмтэй хүн санал болгосон юм.

Учир нь тэр хүний өвөг дээдэс Лигнецийн тулалдаанд оролцож явсан юм билээ. Ийм томоохон бүрэлдэхүүнтэй хөгжмийн чуулгынхныг авчрахад их хугацаа зарцуулсан. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм.

Мөн Монголын "SOS" хүүхдийн хотхонтой холбоо тогтоож, Германы "NDR" радио, төлөвизийн компани болон бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ аяллыг зохион байгууллаа. Хүүхэд, залуучуудын хөгжмийн чуулгын ихэнх хөгжимчин Монгол руу ирэх зардлаа өөрсдөө гаргасан.

-Монголын cop болсон сэхээтнүүд Германд боловсрол эзэмшиж байсан, одоо ч гэсэн залуу үөийнхэн нь үргэлжлүүлэн суралцсаар байна. Ер нь боловсролын тал дээр цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-МонголД ирээд би нэг зүйлийг ажиглалаа. Зөвхөн соёлын тал дээр төдийгүй бусад салбарт ч герман хэлний мэдлэгтэй хүн олон байна. Дэлгүүрээс өдөр тутмын худалдаа хийхэд хүртэл герман хэлний мэдлэгтэй хүмүүс таарч байгаа нь манай хоёр орны боловсролын харилцаа ямар байгааг илтгэх байх.

Одоогийн байдлаар, хоёр орны соёлын харилцааны томоохон хэсэг нь герман хэлний сургалтад чиглэгдсэн. Нийтдээ улсын болон хувийн сургуульд энэ жил л гэхэд 1900 хүүхэд герман хэл судалж байна.

Цаашдаа бид энэ тоог 3000 болгон өсгөхөд голлон анхаарч байгаа юм. Улаанбаатарт 38 дугаар дунд сургууль, "Гёте" сургууль болон Эрдэнэт, Дархан хотод герман хэлний сургалттай сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байна.

Герман хэлний сургуулиудыг төгссөн сурагчид маань хэлний тодорхой шалгалтуудыг өгч Германд боловсрол эзэмшээд эх орондоо ирдэг. Энэ харилцаа цаашид өргөжин хоёр орны харилцаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

-Герман улс Монголын түүхтэй холбоотой археологийн эртний олдвор болсон нуман ятгыг бүрэн эхээр нь сэргээхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн. Цаашид археологийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хоёр орны эрдэмтэд хамтран ажиллахаар бэлтгэж байгаа төсөл бий юу?
-Намайг ирэхээс өмнө Монголын түүхэн олдвор болох нуман ятгыг сэргээн засварлаад авчирчихсан байсан. Харамсалтай нь одоохондоо надад Монголын Үндэсний музейд зочилж, тэрхүү түүхэн нуман ятгыг харах завшаан тохиогоогүй байна. Гэхдээ би ямар ч байсан цаг зав гаргаад нуман ятгыг үзэх болно.

Яг энэ төсөл дээр ажиллаж байсан коллегийнхны хэлснээр Алтайн ятгыг сэргээн засварлах төслийнхөн эрч хүчээр дүүрэн байсан гэсэн. Нуман ятгыг сэргээн засварлахад ажилласан мэргэжилтнүүдэд ч тэрхүү ажлыг гүйцэтгэхэд таатай байсан тухай би сонслоо.

Ер нь "Талын дайчдын өв соёл" үзэсгэлэн нь энэ жилийн хамгийн оргил үө байсан гэж хэлж болно. Энэ мэт олон ажлаар Гөрман, Монголын археологичдын хамтын ажиллагаа урт хугацааны турш үргэлжилж байна. Одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Хүмүүсийн сайн мэддэг Хархорин, Хар балгаст хийсэн археологийн томоохон малтлага бий.

Саяхан Германы нэгэн археологич надтай ирж уулзаад "Хархорины малтлагын зөвхөн нэг хувийг одоогоор судлаад байна" гэсэн. Тийм учраас археологийн энэхүү ажил үргэлжилнэ. Үүнээс дүгнэхэд, хоёр орны археологичид маань урт хугацааны турш хамтран ажиллах болов уу.

Тэд одоо Хархорины гар урлалын дүүргийг илрүүлэхээр малтлага, судалгааны ажил хийж байгаа. Мөн судалгааны багийнхны ярьж буйгаар эртний нэгэн хийдийг илрүүлсэн гэсэн.

Одоо тэр хийдийг сэргээн засварлах ажил ид өрнөж байна. Мөн МУИС-ийн Археологийн тэнхимийн оюутнууд, орон нутгийн иргэд хамтран томоохон төсөл дээр ажиллаж байна.

-Тайзны болон сонгодог урлагийн салбарт хоёр орны уран бүтээлчид туршлага солилцож болно шүү дээ. Энэ тал дээр танд ажил болгохоор бодож байгаа төсөл байна уу?
-Монголын сонгодог болон драмын урлаг олон улсад аль хэдийнэ өөрийн гэсэн орон зайтай болсон. Тэд хэн нэгнээр хэлүүлэлгүйгээр өөрсдөө хамтын ажиллагаагаа тогтоочихсон байдаг.

Ингэж Монголын урлагийн томоохон байгууллагууд бие даан олон улсад нэр хүндтэй болсон нь надад үнэхээр гайхалтай санагдаж байсан. Хэрвээ сонирхож байгаа бол би Германы урлагийн байгууллагуудтай тэднийг холбож өгч болно.

-"Алтан өргөө", "Газарчин" зэрэг Герман, Монгол уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр бүтсэн бүтээл одоо ч гэсэн монголчуудын үзэх дуртай кинонуудын нэг хэвээр байна. Эдгээр бутээлүүдтэй адил кино хийх бодол бий юү?
-Танд хангалттай мэдээлэл өгч чадахгүйдээ хүлцэл өчьө. Ажлаа аваад удаагүй болохоор кино урлагийн салбарт ямар төсөл хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг сайн мэдэхгүй юм.

Гэхдээ миний мэдэхийн яг одоо хэрэгжиж байгаа кино төсөл байхгүй. Та сайн таних байх. Гөрманд хатагтай Даваагийн Бямбасүрэн гээд Монголын нэртэй найруулагч бий. Та бидний сайн мэдэх "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там" гэхмэтчилэн хэд хэдэн бүтээлүүдийг амилуулж Германы үзэгчдэд хүргэсэн.

Энэ хүний ачаар германчууд Монголын тухай мэддэг боллоо. Одоогийн байдлаар, хатагтай Д.Бямбасүрэн хэд хэдэн кино төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн.

-Энэхүү албаны асуултаа зөвхөн 40 жилийн ойн хүрээнд бус цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар асууж завсарлая.
-Бид 2015 онд нэгэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ төслийг Германы соёлын бодлогыг хэрэгжүүлэгч "Гёте" институтынхан хариуцан ажиллаж байгаа юм. "Улаанбаатар хөгжмийн лаборатори" нэртэй төсөл нь Монголын авьяаслаг залуу хөгжимчдөд зориулан сургалт хийх, мөн өсч дэвших боломж олгох зорилготой.

Гэхдээ зөвхөн сонгодог хөгжим гэлтгүй жазз, рок, поп зэрэг хөгжмийн бүхий л төрөл байхаараа онцлогтой. Сонгодог хөгжим хэзээд сонор соргог хэвээрээ байх болно. Тэр дундаа Монгол Улс сонгодог урлагаараа олон улсад танигдсан учраас бид энэ удаагийн төсөлд заавал энэ төрлийг оруулахыг хичээсэнгүй.

Яг одоо монгол залуучууд хөгжмийн шинэ урсгалуудыг ихээхэн сонирхож байна. Тиймээс тэдэнд зориулан энэхүү төслийг хэрэгжүүлнэ.

Мөн бид зөвхөн хөгжмийн салбар гэлтгүй Монголын тамирчид, дасгалжуулагчдыг Германд сургалтад хамруулж байгаа. Үүнээс гадна хөлбөмбөг, сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч тэмцээн зохион байгуулдаг.

-Спортын төрлийн хувьд бидэнд адил төстэй зүйл ч олон бий?
-Тийм шүү. Германчууд ч гэсэн монголчуудтай адил сур харвадаг. Тиймээс Монголын үндэсний спорт болсон энэ төрлийн талаар судалбал сонирхолтой ажил болох байх. Бас хоёр орны харваачдын харилцааг өргөжүүлбэл дөхөмтэй юм шиг санагддаг.

-Бидний яриа ихэвчлэн ажлын сэдэвтэй байлаа. Харин одоо таны Монголд ирсэн сэтгэгдлийг сонсмоор байна?
-Би Монголыг их хүйтэн орон байх болов уу гэж бодож байлаа. Гэтэл намайг ирэхэд зуны улирал таарсан болоод ч тэр үү дулаахан байна. Ерөнхийдөө миний Монголын талаарх төсөөллеөс ирсний дараах сэтгэгдэл нэг их зөрсөнгүй.

Улаанбаатар хот нэг их том биш байсан нь миний гайхшралыг төрүүлсэн. Хотын төв хэсгээр явахад заавал машин шаардлагагүй явган алхаж болохоор сайхан хот байна. Монголд ирээд удаагүй болохоор хотоос гаднах амьдралтай танилцаж амжсангүй. Гэхдээ замын хөдөлгөөн ихтэй санагдлаа.

Германд жолооч нар замын хөдөлгөөнөө ягштал баримталдаг. Ер нь уйтгартай гэж хэлж болно. Харин Монголд. зам товчлохоос эхлээд машин барихад их сонирхолтой юм байна.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхээр автозамын түгжрэл ямар болохыг харахыг тэсэн ядан хүлээж байна. Мэдээж Монгол Улсыг зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлөх нь өрөөсгөл. Тиймээс говь, эсвэл Хөвсгөл далай руу явж Монголын байгалийн үзэсгэлэнг үзнэ гэж бодож байна.

-Монголд ирсэн гадаадынхан хүмүүсийг нь "Найрсаг, халуун дотно сэтгэлтэй" гэж хэлдэг. Харин танд ямар санагдав даа?
-Хүмүүсийн зан чанар нь миний сонирхлыг их татсан. Би Монголд ирэхээсээ өмнө БНСУ-д таван жил ажилласан. Зүүн Азийн хүмүүсийн соёл өвөрмөц, зан ааш нь тайван, уужуу байдаг.

Монголчуудын хувьд хүмүүстэй шууд харилцаж чаддаг онцлогтой. Энэ нь орос хүний зан чанартай төстэй. Гэтэл нөгөө талаасаа Ази хүний тэвчээртэй занг хадгалсан юм шиг санагдлаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: