sonin.mn

Жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжсэн “Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа.

МОХ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэ оны долдугаар сарын 01-нээс энэ сарын 25-ны хооронд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт 88 оюутан хамарчээ.

“Оюутан цагдаа” нар зургаан дүүрэгт 186 цаг ажилласан бөгөөд 600 мянган төгрөгийн цалин урамшуулал авсан байна. “Оюутан цагдаа” хөтөлбөр нь жуулчид болон иргэдээс өндөр үнэлгээ авсан тул 2015 онд 200 оюутан хамруулахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хаалтын ажиллагаа маргааш буюу энэ сарын 29-нд “Цагдаа олон нийтийн төв”-д болох аж. Хаалтын ажиллагаанд НИТХ-ын дарга Х.Баттулга, Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцох аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг