sonin.mn

Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг нээлтээ хийв.

Тус эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар 2012 оноос Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэд барьж эхэлсэн юм.

"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулна. Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн хяналтад одоогоор цусны хорт хавдрын оноштой 700 гаруй хүүхэд байдаг аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа байдаг.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн нээлтэд УИХ-ын З.Энхболдын оролцож, үг хэлэв. Тэрээр, Өнөөдөр Ажиа гэгээнтний санаачилсан буянтай үйлс ажил хэрэг болж дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг, сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг ашиглалтад орж байна. Гурван сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж энэ сайхан эмнэлгийг барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажаа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн буянтай үйлс билээ.

Ажиа гэгээнтний энэхүү буянтай үйлсийг дэмжиж миний бие санал гаргаж барилгын дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулсан. Мөн Ерөнхий сайдын санаачлагаар Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн "Siemens" брэндийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр Компьютер томографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга байгууламжийн гаднах зам, талбай, машины зогсоолыг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн хүрээнд тохижуулж, Монголын залуучуудын холбооны санаачлагаар залуучууд гадна талбайн тохижолт, цэвэрлэгээнд оролцлоо.

Ажиа гэгээнтний санаачилсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэхүү эмнэлэг өвчний учир зовж зүдэрсэн олон зуун хүүхдэд энэрэл буянаа өгөх хүүхдийн зориулалттай орчин үеийн томоохон эмнэлэг болж байгаад миний бие туйлын баяртай байна.

Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, монголын ард түмэн хэзээч мартахгүй.

Манай эмч, эмнэлгийн ажилтнууд Таны энэ их үйлсээр боссон эмнэлэгт олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан ажиллана гэдэгт би итгэлтэй байна" гэсэн юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг