sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Орос болон Монгол Улсын хооронд харилцан визгүй зорчих журмыг сэргээх асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сарын эхээр Монголд хийх айлчлалын үеэр хэлэлцэнэ. Энэ тухай ОХУ-ын Бүс нутгийн сайд Игорь Слюняев пүрэв гарагт мэдээлжээ.

Тэрбээр Монгол, Оросын сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “харилцан визгүй зорчих журмын асуудлыг манай Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийх айлчлалын үеэр хэлэлцэнэ гэж бодож байна” гэсэн байна.

Монгол, Оросын хооронд харилцан визгүй зорчдог байсан журмыг 1995 онд Монголын талын санаачилгаар цуцалжээ. Хоёр орны хооронд харилцан визгүй зорчих журмын баримт бичиг гарын үсэг зурахад бэлэн болсныг ОХУ-ын парламентын дээд танхимын дарга энэ оны зургадугаар сард Монголд айлчлах үеэрээ мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг