sonin.mn

БЭЭЖИН. /Yonhap/. Умард Солонгостой жил бүр хамтран зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд Хятадын 2000 гаруй компани оролцоно. Энэ оны үзэсгэлэн худалдаа 10 дугаар сард Хятадын хилийн бүсэд орших Даньдун хотод болох ажээ.

Умард Солонгос болон БНХАУ энэ хамтарсан үзэсгэлэн худалдааг 2002 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Цөмийн зэвсгээсээ татгалзахгүй байгаа тусгаарлагдмал хөрш Умард Солонгостой бизнесийн харилцаагаа бэхжүүлэхэд энэ үзэсгэлэн тусална гэж Бээжин найдаж байгаа билээ.

“Умард Солонгос-Хятадын эдийн засаг, худалдаа, соёл ба аялал жуулчлалын үзэсгэлэн” нэртэй таван хоногийн худалдааны шоугаа энэ оны 10 дугаар сарын 16-нд Даньдунд хоёр улс нээнэ. Хятадын 2000 гаруй компани, Умард Солонгосын 100 орчим бизнес эрхлэгч аж ахуй нэгж тус үзэсгэлэн худалдаанд оролцох ажээ.

Уг үзэсгэлэн нь “Умард Солонгосын зах зээлийг судлахад Хятадын аж ахуй нэгжүүдэд туслах” юм. Энэ оны үзэсгэлэн худалдаанд Умард Солонгос, Хятадаас гадна Хонконг, ОХУ, Таиланд болон Тайванийн компаниуд оролцоно.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг