sonin.mn

Ерөнхий сайдын захирамжаар ЦЕГ-ын дарга С.Баатаржавт Тэргүүн комиссар цол олгосныг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр гардуулан өглөө.

Энэ үеэр ЦЕГ-ын дарга С.Баатаржав, "Монгол төрийн өмнө хүлээсэн энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрхзүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвх, санаачлагатай оролцож ажиллана.

Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилдэг, хууль ёсыг дээдлэн хүндэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа сахилга ёсзүйг эрхэмлэн ажиллах болно. Монгол төрийн мэлмий бат орших болтугай" гэв.

С.Баатаржав нь Завхан аймгийн уугуул, цагдаагийн байгууллагад 1985 оноос хойш 29 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр анх Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаар ажлаа эхэлж, улмаар тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн даргаар дэвшин ажиллаж байжээ.

Энэ хугацаанд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид хоёр удаа мэргэжил дээшлүүлэн суралцаж, ЦЕГ-ын Хяналт шалгалтын тусгай тасагт ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон юм.

Дараа нь НЦГ, УМБГ, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын албыг тус тус хашиж байгаад өнгөрсөн оны долдугаар сард ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын албанд томилогдсон байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг