sonin.mn

HМХГ-аас Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан  дүнг танилцууллаа.

Шалгалтад нийслэлийн 8 дүүргийн боловсролын хэлтэс, 9 дүүргийн 39 ерөнхий боловсролын сургууль, 51 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол хүнсээр хангадаг зургаан хангамжийн төв, оюутны 12 дотуур байр зэрэг нийт 116 байгууллагыг хамруулжээ.

2014 онд нийслэлийн төрийн өмчийн 114 сургууль, 178 цэцэрлэгт нийт 929,9 сая төгрөгийн урсгал засвар хийх ба 21 сургууль, 18 цэцэрлэгийн барилга болон гадна шугам сүлжээний их засварт  улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт  4,2 тэрбум төгрөг баталсан байна.

Шалгалтад хамарсан гурван цэцэрлэгийн барилгын ажил дуусаагүй, ирэх сарын 1-ны өдөр сургалтын үйл ажиллагаа эхлэх боломжгүй байгаа юм. Тухайлбал,  Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард зогсоон, барилгыг булгаж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2,4 тэрбум төгрөгийн өртөгтэй, 10 бүлэгт 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажил эхлээд байна.

Харин 18 дугаар цэцэрлэгийн барилга татан буугдаад нэг жил болж байгаа боловч уг ажил эхлээгүй байна.  СХД-ийн 81 дүгээр цэцэрлэг энэ сарын 22-ний өдрөөс их засварын ажил эхэлсэн. Засварын ажил дуусахгүй тул ирэх 10 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ.

Чингэлтэй дүүргийн  49,  103, 173, 174 дүгээр цэцэрлэгийн бохирын шугамын засвар, гадна талбайн тохижилт эхлээгүй байгаа бол 39, 124 дүгээр цэцэрлэгийн гадна сантехникийн ажлууд эхлээгүй  байгаа аж.

Мөн СХД-ийн 62 дугаар сургууль, СБД-ийн 175 дугаар цэцэрлэг, СБД-ийн 25, 29, 31 дүгээр сургуулийн тендер оройтсоноос сантехникийн засвар, халаалтын шугам солих засварын ажил эхлээгүй, БГД-ийн 20, 40 дүгээр сургуулийн тендер маргаантай гэсэн үндэслэлээр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, 2015 он дамнаж дуусах гэрээтэй аж.

 БЗД-ийн Баянзүрх цогцолборын спорт заал, ариун цэврийн өрөө, дээврийн засварыг Япон улсын Засгийн газрын тусламжаар хийж байна.  Тус дүүргийн Шавь цогцолборын засвар эхлээгүй бол  84 дүгээр сургууль, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн тендер оройтож зарлажээ. Тиймээс есдүгээр сарын нэгэнд хичээл эхлэх боломжгүй байгаа аж. Шалгалтад хамарсан 11 ЕБС, долоон цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаагүй байна.

Иймээс ЕБС, цэцэрлэгийн удирдлагад барилга засварын ажил хийж байгаа тохиолдолд аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангах, засварын ажлаа дуусгах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгчээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг