sonin.mn

ЖЕНЕВ. /ANADOLU/.  Маргаантай байгаа Голаны өндөрлөг дэх зэвсэгт бүлэглэл НҮБ-ын 43 энхийг сахиулагчийг барьцаалсан бөгөөд тус бүсэд өөр 81 энхийг сахиулагч байрлалаа орхиж явах боломжгүй байдалд орсон байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, баривчлагдсан энхийг сахиулагчид нь Фижи улсын, гарах гарцгүй болсон энхийг сахиулагчид нь Филиппиний иргэд ажээ. Тэд Сири болон Израиль хоорондын эвлэрлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж буй, Кунейтра орчимд байрласан  НҮБ-ын энхийг сахиулагчдын нэг хэсэг юм. Хоёр улс энэ газар нутгийг нэхэмжилдэг юм.

Энхийг сахиулагчдыг барьцаалсан босогчдын цэрэгжсэн бүлэглэл нь “Аль-Каида”-тай холбоотой “Аль-Нусра Фронт” бүлэглэл байж магадгүй гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик хэлэв.

Хэт давруу үзэлтнүүдийн тус бүлэглэл нь Сирийн өмнөд нутагт тус улсын засгийн газрын хүчнийхэнтэй ширүүн тулалдсаар байгаа билээ. Энхийг сахиулагчдыг баривчилсныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрс буруушааж, нэн даруй суллахыг шаардлаа.

Энхийг сахиулагчдыг суллахыг босогчдоос шаардахаар НҮБ мэдээлэл цуглуулж, Голаны өндөрлөгийн ойролцоох улсуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд мөн Голаны өндөрлөгт энхийг сахиулагчдыг барьцаалсан хэрэг нэг бус удаа гарч байсан. Гэхдээ тэд бүгд эсэн мэнд суллагджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг