sonin.mn

Эдийн засгийн хөгжлийг дөтлөхөд томоохон байр суурь эзлэх Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс байгуулах ажил 12 жил цаасан дээр хэрэгжсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн эл худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрэн  худалдан авагчийн урсгал  100-д хүрчээ. Энэ тухай өнөөдөр ЭЗХЯ-ны хурлын танхимд холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газарзүйн байршлаараа Алтанбулаг  нь худалдааны томоохон бүс байгуулах хамгийн боломжит газар юм. Тэр утгаараа монголчууд энэ газар нутгийг худалдааны чөлөөт бүс болгохоор олон жил ярьсан нь ийнхүү ажил хэрэг болж байна.

Тал нутагт  цэвэр, бохир усан хангамжаас эхлээд дэд бүтцийн ажлууд өрнөж эхэлжээ. Алтанбулагийн  чөлөөт бүсийн дэд бүтцийг хийхэд 23 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Хэтийн төсөөллөөс харахад тус бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийджээ.

Хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн “Алтанбулаг” боомт өнгөрсөн  долдугаар сарын 1-нээс эхлэн 24 цагийн горимд шилжсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг ирэх 12 дугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ. Түүнчлэн  уг чөлөөт бүс нээгдснээр иргэд 15.5 хувийн хөнгөлттэй үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрдсэн байна. Энэ мэтчилэн нааштай мэдээллүүдийг албаныхан өгч байсан юм. Тэдний ярианд анхаарлаа хандуулъя.


 ЭЗХЯ-ны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат:
-Монголын хойд хил дээр байрлах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбо­сон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр анх 2002 онд гарсан. Монгол Улс эдийн засаг, худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль баталснаар Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээхгүй удсаны гол шалтгаан нь ямар эрх үүрэг эдлэх вэ гэдэг нь тодорхойгүй байснаас болж хоёр талд хүлээлт үүссэн. Тухайлбал, Алтанбулаг чөлөөт бүсийн худалдааны гэрээний дагуу төсвийн санхүүжилтээр дэд бүтцийг байгуулна гэж заасан.  Хувийн хэвшлийнхэн байшин барилгаа барих гэтэл зам, барилга усан хангамжгүй учраас гацаанд орсон.

Тиймээс энд цаг алдсан. Харин одоо дэд бүтцийн асуудлыг  төр, хувийн хэвшлийн концессын гэрээгээр шийднэ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийг хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгө оруулалтаар бариад тухайн бүс дэх аж ахуйн нэгжүүдээс хураамж авч, төсөвт дарамт учруулахгүйгээр ажиллах юм. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулсан хувийн хэвшлийнхэнд урт хугацаанд бизнес хийх боломж бүрдэнэ.

Түүнчлэн чөлөөт бүсийн худалдааны төвийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан нь Засгийн газраар дэмжигдэж Намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хэрэв хуулийн төсөл дэмжлэг авч батлагдвал элдэв журам гаргах шаардлагагүй болж, ажил урагшлах юм. Түүнчлэн манай яам БНХАУ, ОХУ-тай Алтанбулаг чөлөөт бүсийн худалдааны төвийг хөгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байна.

Тодруулбал, Өвөр Монголын худалдааны төв байгуулахаар хэлцэл хийсэн юм. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд манай яам Хятадын худалдааны яамтай чөлөөт бүсийг хамтарч хөгжүүлэх талаар санамж бичиг байгуулсан.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн худалдааны хэлтсийн дарга Т.Чимэгсанаа:
-Алтанбулаг чөлөөт бүсийн худалдааны төв  цэвэр усны хангамжаа бүрэн шийдлээ. Алтанбулагаас Сэлэнгэ аймаг хүртэлх 25 км-т бохир усны шугам хоолойг татахаар ажиллаж байна. Энэ ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж буй юм.

Цахилгаан хангамжийн хувьд тодорхой ажлууд өрнөсөн. Тухайлбал цахилгааны дэд станцуудыг барьж,  3 км агаарын шугам татаад байна. Цахилгаан станцыг өргөтгөх болон замын асуудлыг төр, хувийн хэвшлийн концессын гэрээгээр хийхээр төлөвлөсөн. Дулааны шугам тавихаар ТЭЗҮ-г боловсруулж дуусаад байна.

Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд 70 хүн ажиллаж байна. Тус худалдааны төвд өдөрт 100 орчим  хүн ирж байгаа. Худалдан авагчийн урсгал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ОХУ-аас л гэхэд өдөрт 10 гаруй хүн орж ирдэг байх жишээтэй.           

Хөрөнгө оруулагчдын холбооны тэргүүн Ж.Жаргалсайхан:
- Жилийн хугацаанд  чиглэл гараад ажил  өрнөж байна.  Худалдааны төвийг байнгын горимд оруулна гэдэг асар их ажил юм. Олон хүний хүч хөдөлмөр шингэснээр өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтмолжлоо. Хөрсөнд бодит зүйл буусан учраас цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргахад дөхөмтэй болсон.  Тухайлбал транзит тээврийн асуудлыг  хэрхэн зохицуулах вэ гэсэн чиглэл гарч дараагийн алхам хийх боломж бүрдэж байна.

Өмнө нь Манжуураар дамжин хүнсний бүтээгдэхүүнийг  ОХУ руу гаргадаг байсан бол өнөөдөр  шууд тээвэрлэх гарц нээгдлээ. Эхний ээлжинд 2400 тонн ачаа тээвэрлэсэн.

Чөлөөт бүсийн худалдааны төвийн үйл ажиллагаа жигдэрснээр 15.5 хувийн хөнгөлттэй үнээр иргэд бараа  бүтээгдэхүүнээ авдаг болов. Түүнчлэн 3 сая төгрөгийн барааг татваргүй оруулж ирэх гээд олон давуу тал бий.

     Ийнхүү Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагаа өөдрөг байна. Худалдааны бүсийн гол зорилго нь хил орчмын ОХУ-ын иргэдийн хэрэгцээг хангах явдал юм. ОХУ-ын иргэд тус чөлөөт худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчиж буй гэнэ.

Харин манай иргэд чөлөөт бүс рүү нэвтрэхдээ гадаад паспортоор нэвтэрч байгаа аж. Албанбулаг чөлөөт бүсэд удаан хугацаанд оршин суух бол бүсийн захирагчийн ажлын албанаас холбогдох хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөл авах  юм байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг