sonin.mn

“Оюутан Цагдаа” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа Цагдаа олон нийтийн төвд боллоо.

МОХ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран өнгөрсөн долдугаар сарын 1-нээс энэ сарын 25-ныг хүртэл “Оюутан цагдаа” ажиллуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 44 чиглэлд 88 оюутан ажиллажээ. Хаалтын ажиллагаанд  хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас  гадна дүүрэг бүрт тэднийг хариуцан ажилласан албан хаагчид хүрэлцэн ирсэн байв. Мөн хүндэт зочдоор НИТХ-ын дарга Х.Баттулга болон холбогдох албаныхан оролцлоо.

“Нийслэлийн цагдаагийн газрын хууль тогтоомжийн хяналт шалгах аюулгүй байдал”-ын дарга цагдаагийн хурандаа Ж.Баясгалан хэлэхдээ,“Оюутан Цагдаа” хөтөлбөрийн арга хэмжээг зургадугаар сарын 16-наас энэ сарын 25-наар тасалбар болгож үр дүнг нь тооцож байна. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Иргэд ч үүнд сэтгэгдэл өндөр  байсан.

“Оюутан цагдаа” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал санаачилга гарч байна. Түүнчлэн эл арга хэмжээ  цагдаа нарын ажлыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөөд зогсохгүй гадны иргэд гэмт халдлагад өртөх үзэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.5-7.5 хувиар буурсан” гэлээ.

 “Оюутан цагдаа хөтөлбөрийн үр дүнгээс харвал цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа оюутан залуучуудад хэв журам зохицуулах, олон нийтэд хууль таниулах, гадны жуулчдад  мэдээлэл өгөх зэрэг маш олон ажлыг гүйцэтгэсэн. Цаашид эдгээр оюутнууд олон нийтэд, үе тэнгийн залууст үлгэр дуурайлал болох юм. Мөн энэхүү хөтөлбөрийг цаашдаа Монголын  оюутны холбоо дэмжиж өргөн цар хүрээтэй зохион байгуулна” хэмээн МОХ-ны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал ярив.

Хаалтын арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” нарын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Шихихутаг хууль зүйн дээд сургуулийн 2-р курсын оюутан Б.Ням-очир:
- “Оюутан цагдаа хөтөлбөрт оролцсондоо маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөрт оролцсноор маш олон найзуудтай болсноос гадна цагдаа улс орон, иргэдийнхээ төлөө ямар их хүч хөдөлмөр гарган зүтгэн ажилладаг болохыг өөрийн биеэр туулж мэдэрлээ. Оюутнууддаа хандаж хэлэхэд энэхүү хөтөлбөрт ирэх жил бүртгүүлж идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Анагаах ухааны сувилахуйн сургуулийн 3-р курсын оюутан У.Уранжаргал:
-Энэ зун гадаадын жуулчидтай нэлээн харьцлаа. Мөн цагдаа хүн ямар байх талаар суралцсан. Миний хувьд энэхүү үйл ажиллагаанд оролцож байхад газрын зураг, маршрутын талаар асуудал тулгарч байлаа. Учир нь жуулчид маш их зүйл асуудаг тэр бүхнийг сайн мэдэхгүй байсан. Иргэд биднийг  магтаж урам зориг өгч байсанд талархаж байна.

М.Үүрийнтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг