sonin.mn

ЛОНДОН. /VOA/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэхийг Шотландаас Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун уриалж, тусгаар тогтнол шотландчуудын ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхаарууллаа. Өчигдөр Глазго хотод Шотландын бизнес эрхлэгчидтэй Камерун оройн зоог барихдаа энэ тухай хэлжээ.

Түүний хэлсэнчлэн, Их Британийн бусад хэсэгтэй хийж байгаа худалдаа Шотландад нэг сая ажлын байр бий болгож байна. Хэрвээ энэ холбооноос гарвал Шотландын бизнесийн орчин хүндэрч, ажлын байр олоход хэцүү болно гэж Камерун хэлэв.

Мөн Шотланд тусгаар тогтновол Британийн валют болох фунтыг үргэлжлүүлэн хэрэглэх боломжгүй болно. Тусгаар тогтносны дараа фунтыг ашиглахыг зөвшөөрөхийг хараат бус болохыг дэмждэг Шотландын үндэсний намын удирдагч Алекс Салмонд уриалж байна.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас үзвэл, шотландчуудын 50 орчим хувь тусгаар тогтнохыг эсэргүүцэж байгаа бол, 40 орчим хувь нь дэмжиж байна. Тусгаар тогтнох эсэхээ шийдэхээр Шотланд ирэх сарын 18-нд бүх нийтийн санал асуулга явуулна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг