sonin.mn

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ээлжит цахим хурал өчигдөр ЭМЯ-нд болж, өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, онцлох сэдвүүдийг танилцуулав.

Хууль, дүрэм, журамтай холбоотойгоор “Эрүүл ахуйн тухай хууль”-ийг Засгийн газрын хурлаар оруулж, үзэл баримтлалыг нь батлуулсан байна. “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай тусгайлсан хуультай болох талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд олон улсын жишгийг судалж байна. Япон, Филиппин зэрэг улсууд ийм төрлийн хуультай байдаг аж.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан “Сүрьеэ өвчний тухай” хуулийн төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, өвчин бүрд тусгайлсан хуультай байх боломжгүй хэмээн буцаагдсан байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал өнгөрсөн долоо хоногт болж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн явцын талаар хэлэлцсэн бөгөөд сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Аймгууд, эрүүл мэндийн салбарын нэгж бүр хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар албан бичиг хүргүүлэх болжээ.

Өнгөрсөн нэг долоо хоногт эрүүл мэндийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас танилцуулбал, ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданий шууд санаачилга, сайн санаат олон түмний хандив тусламжаар байгуулж, энэ сарын 28-нд нээлтээ хийлээ.

Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулсан. Мөн эхний ээлжинд 13 аймаг, сумын эмнэлэгт автомашин нийлүүлсэн зэрэг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалттай холбоотой үйл явдлууд тохиосныг хурлын үеэр танилцуулсан юм.

БХЗГ-ын дарга Я.Буянжаргал цахим хуралд оролцсон нийтм эмч, мэргэжилтнүүдэд хандан зарим анхааруулга, сануулгыг хүргэлээ. Хүмүүст өвчин, өвчний тавилангийн талаар зөв тайлбарлах, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, зөвлөгөөг өгч байх, зоонозын өвчнөөс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн хүүхдийн осол гэмтэл, түүнээс үүдсэн амиа алдах золгүй тохиолдлууд буурахгүй гарсаар байна гэдгийг онцлон сануулаад, үүнд анхаарал хандуулах ёстой эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт ахуйн шинжтэй осол гэмтлээс сэргийлэх тухай сургалт мэдээллийг идэвхитэй явуулах хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Ажлын хариуцлага, харилцаа хандлагаа сайжруулж ажиллахыг анхааруулав.

Хурлын дэгийн дагуу Эбола вирусын талаар тодорхой мэдээлэл, зөвлөмжийг нийт оролцогчдод хүргэсэн юм. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэн мэдээлэхдээ намрын энэ цагт байгалийн голомтууд идэвхижиж байна, зоонозын өвчний талаарх иргэдийн мэдээлэл хомс, ойлголт сул байдгаас болж үхсэн мал амьтны сэгд шууд хүрэх, арьсыг нь өвчиж, малын түүхий эд авах цэгүүдэд борлуулах гэх зэрэг үйлдлийг гаргаж, эргээд энэ нь зоонозын өвчнийг үүсгэх нөхцөл болж байгаа тухай хэлэв.

Өнөөдөр зохион байгуулсан “Эх, хүүхдийн дэмжих жил”-ийн ээлжит цахим хуралд аймгийн ЭМГ, НЭМГ, ЭМЯ-ны харьяа байгууллагуудаас 70 гаруй эмч, мэргэжилтнүүд цахимаар болон ЭМХТөвд хүрэлцэн ирж оролцлоо.