sonin.mn

ПХЕНЬЯН. /NHK/. Ирэх сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох Азийн наадамд хөгжөөн дэмжигчдийн багаа илгээхээ больсноо Умард Солонгос мэдэгдлээ. Умард Солонгосын төрийн өмчийн “Солонгосын төв телевиз” энэ тухай мэдээлсэн юм.

Уг мэдээлэлд, “Хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүдийн тоо, өнгөрсөн сард хийсэн ажил хэргийн түвшний хэлэлцээний үеэр хэлэлцсэн асуудлыг Өмнөд Солонгос хөндсөн” гэжээ. Харин Умард Солонгос төлөвлөсний дагуу тамирчид болон албаны хүмүүсээ илгээнэ.

Азийн наадамд оролцуулахаар урьд урьдынхаас хамаагүй олон буюу 700 хүн, тэдний дотор тамирчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчдээ Өмнөд Солонгос руу илгээхээр шийдсэнээ Умард Солонгос өмнө нь мэдэгдэж байсан юм. Умард Солонгосын хөгжөөн дэмжигчдийн баг нь телевиз үзэгчдийн дунд нэлээд алдартай бөгөөд багийн гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд ажээ.

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг Умард Солонгос мөн шүүмжилж, энэ сургуулилт Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэсэн юм. Сургуулилт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Азийн наадамд хөгжөөн дэмжигчдээ оролцуулахаа Умард Солонгос урьд нь ч больж байсан ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг