sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /ANADOLU/. Энэ онд хоёр удаа “дайрлагад дайрагдсан”,  Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компани эргэн сэргэх төлөвлөгөөнийхөө хүрээнд 6000 ажилтнаа хална.

Тус компани нийт 20 мянган ажилтантай юм. Иргэний агаарын тээврийн тус компани төрийн өмчид шилжиж, шинэ удирдлагатай болох ажээ.

Энэ оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон нисэх онгоцыг хайх ажиллагаагаа холбогдох албаны хүмүүс үргэлжлүүлж байна.

Мөн “МН17” дугаарын нислэг үйлдэж яваад Украины зүүн нутагт өнгөрсөн сарын 17-нд осолдсон онгоцны ослын шалтгааныг тогтоохоор олон улсын шинжээчид ажиллаж байна. Тус онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн юм. Онгоцыг газар-агаар ангиллын “Бук” пуужингаар харван унагаасан гэж үзэж байгаа билээ.

Эргэн сэргэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зургаан тэрбум орчим ренгит буюу 1,9 тэрбум доллар шаардлагатай. Хүнд байдалд орсон “Malaysia Airlines”-ын хувьцааны 69 хувийг эзэмшдэг, төрийн өмчийн хөрөнгө оруулалтын “Khazanah Nasional” компани тус компанийг 100 хувь мэдэлдээ авах ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг