sonin.mn

ДАКАР. /АР/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан анхны тохиолдол улсад нь бүртгэгдсэн тухай Сенегалын Засгийн газар мэдэгдлээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, нэг эрэгтэй оюутан уг вирусийн халдвар авчээ. Тэрбээр хөрш Гвинейн нийслэл Конакригаас очсон байна. “Эбола”-гийн халдвар авсан нь илэрхий оюутныг бид алдчихлаа гэж Сенегалын албаны хүмүүст Гвинейн засгийн газрын албаны хүмүүс мэдэгджээ.

Халдвар авсан оюутан гурван долоо хоногийн өмнө алга болсон бөгөөд Сенегал руу явсан байж магадгүй гэж Гвинейн албаны хүмүүс хэлсэн байна. Ингээд Сенегалын албаны хүмүүс энэ хүнийг эрж олон нийслэл Дакар хотынхоо эмнэлэгт эмчилгээ хийж байгаа ажээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Гвиней, Либери, Сьерра-Леон болон Нигерид “Эбола” вирусийн халдвар авсан, авсан байж болзошгүй 3000 гаруй тохиолдол бүртгэгдсэний 1500 гаруй нь нас баржээ.

Эдгээр улсын хөрш улсууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Сенегал нь өнгөрсөн долоо хоногт Гвинейтэй залгаа хилээ хаасан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг