sonin.mn

БАТЛАВ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.

Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: “... эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.”, “ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.

Дээрх зорилго, зорилтыг үндэслэн стратегийн дараах чиглэлийг баримтлан боловсролын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна.
- Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ.

- Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ.

- Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

- Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.

- Мэргэжлийн болон дээд боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

ХОЁР. ЗОРИЛГО, ЗОРИЛТ

1. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

1.1. Сургуулийн өмнөх, Бага, суурь, бүрэн дунд боловсролын төвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт, үнэлгээ, аргазүй, технологийн шинэчлэлийн туршилт, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх

1.2. “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил”, Сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах хөтөлбөрүүдийг сургалтын байгууллага бүрийн давуу тал, онцлогт суурилан хөгжүүлэх

1.2.1. Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг үргэлжлүүлж, авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэхэд багш, эцэг эх, олон нийттэй хамтран ажиллана.

1.2.2. Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн ном зохиох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжин анги, кабинетийг ангийн номын сангаар хангана.

1.2.3. Багшийн хөгжлийн хэрэгцээнд түшиглэн мэргэжил дээшлүүлэх танхимын болон зайны сургалт хэрэгжүүлнэ.

1.2.4. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

2. Насан туршийн боловсрол
2.1. Насан туршийн боловсролын тогтолцоог орон нутагт бэхжүүлж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн тасралтгүй боловсролын үйлчилгээний төрөл, чиглэлийг тогтоож, боловсронгуй болгоно.

2.2. Насан туршийн боловсролын багш нарын мэргэжил, менежментийн ур чадвар, насан туршийн боловсролын төв, нэгжийн сургалтын орчныг сайжруулна.
3. Тусгай хэрэгцээт боловсрол

3.1. Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг эрт илрүүлж оношлох, боловсролын үйлчилгээнд хамруулах, нөхөн сэргээх, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдэд зориулсан орчныг бий болгоно.

3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг боловсролд тэгш хамруулах, онцлог, хэрэгцээг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

4. Дээд боловсрол
4.1. Дээд боловсролын хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулж, судалгаа сургалт хосолсон тогтолцоог дэмжинэ.

4.2. Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

4.3. Дээд боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний системийг хөгжүүлнэ.

ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” /2013 оны 295 дугаар тогтоол/, ”Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасах, нэмэгдэл хөлс олгох журам” /2013 оны 229 дүгээр тогтоол/, “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны 37 дугаар тогтоол, Монголын багш нарын баярын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэх тухай 2013 оны 412 дугаар тогтоол, “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам” /2013 оны 393 дугаар тогтоол/ болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шинээр болон шинэчлэн баталсан дараах хөтөлбөр, журмын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулна.

Үүнд:
- “Багшийн хөгжил” хөтөлбөр /2012 оны А/136 дугаар тушаал/

- Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал, бага, дунд боловсролын үндэсний стандарт, хөтөлбөр шинэчлэх зураглал /2013 оны А/155 дугаар тушаал/

- Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл, насан туршийн боловсролын үндэсний төвийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт /А/242 дугаар тушаал/

- Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам /2013 оны А/287 дугаар тушаал/

- Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам /2013 оны А/293 дугаар тушаал/

- Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үлгэрчилсэн чиглэл /2013 оны А/299 дүгээр тушаал/

- Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам /

- Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам /2013 оны А/305 дугаар тушаал/

- Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам /2013 оны А/309 дүгээр тушаал/

- Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам /2013 оны А/315 дугаар тушаал/

- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого /2013 оны А/327 дугаар тушаал/

- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгоход баримтлах шалгуур үзүүлэлт /2014 оны А/52 дугаар тушаал/

- Цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл /2014 оны А/112 дугаар тушаал/

- Мэргэжлийн (хөтөлбөр) чиглэл, индекс шинэчлэн батлах тухай /2014 оны А/78 дугаар тушаал/

2. Цэцэрлэгт хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх өөрийн байгууллагын онцлог бүхий үзэл баримтлал боловсруулж, сургалтын болон хамтын ажиллагааны орчин бүрдүүлнэ.

3. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-г хэрэгжүүлж, сургалтын агуулгыг хүүхэд нэг бүрийн онцлогт нийцүүлэн бүтээлчээр хэрэгжүүлнэ.

4. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, боловсронгуй болгоно.

5. Суурь боловсролын сургалтын хөтөлбөр болон 12 дугаар ангийн математик, хими, биологи, физик, англи хэлний сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, ерөнхий боловсролын лаборатори 40 сургуульд тохирцыг шалгана.

6. Боловсролын чанарыг тогтоох үндэсний судалгааг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх арга зүйг хөгжүүлнэ.

7. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлж, суурь боловсролын сурах бичгийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.

8. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн ахицын үнэлгээ хийх, хэрэгцээнд үндэслэн ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг эцэг эхийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх арга зүйг нэвтрүүлнэ.

9. Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах, сургалтын орчин, хүртээмжийг сайжруулна.

10. Хүүхэд нэг бүрийн хөгжилд гарч буй ахиц дэвшилд дэмжлэг үзүүлэх сургалтын технологи, арга зүйг багш, удирдах ажилтанд эзэмшүүлэх, урамшуулан дэмжих Боловсролын технологийн үндэсний сангийн үйл ажиллагааг жигдрүүлнэ.

11. Сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад багш, сурагч, эцэг эх, олон нийтийн оролцоог хангах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.

12. Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг ерөнхий боловсролын сургуульд туршиж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл хангана.

13. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг батлагдсан загварын дүрэмт хувцасаар жигдрүүлэх ажлыг эцэг, эх, олон нийтийн оролцоотой зохион байгуулна.

14. Сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн Боловсролын газраас үзүүлэх мэргэжил, арга зүйн үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд оролцоог нэмэгдүүлнэ.

15. Сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг чанаржуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

16. Сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх, болон засварын ажлыг үр дүнтэй зохион байгуулна.

17. Насанд хүрэгчдийн боловсролын хүртээмж, сургалтын орчин, үйл ажиллагааны санхүүжилтыг нэмэгдүүлж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулна.

18. Дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөр, судалгааны ажлыг Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, цаашдын төлөвлөлтийг тодорхойлно.

НИЙСЛЭЛ, АЙМАГ, ДҮҮРЭГ, СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР ТАНАА

Зөвлөмж хүргүүлэх тухай
2014-2015 оны хичээлийн жилээс бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутагтаа дараах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг Танд зөвлөж байна.

Үүнд:
1. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд манлайлан, Боловсролын газар, хэлтсийн дарга болон ерөнхий боловсролын сургуулийн захиралд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

2. Ерөнхий боловсролын сургууль бүр өөрийн онцлог давуу тал дээр суурилан хөгжихөд дэмжин чиглүүлэх;

3. Хүүхэд бүрийн ахиц амжилт, хөгжлийн төлөө Боловсролын газар, хэлтэс болон ерөнхий боловсролын сургуулийн үндсэн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, ажлын үр дүнг цаасаар бус, хүүхэд бүр дээр гарсан ахиц амжилт, үр дүнгээр үнэлэх;

4. Багш, ажилтан, ажиллагсдын хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сайн туршлага, бүтээлч санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сард 2-оос доошгүй сургууль дээр очиж сургалт үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах;

5. Орон нутгийн төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, эцэг эхийн төлөөллийг сургууль бүр дээр сард нэг удаа урьж, багш, суралцагчдын ахиц амжилтыг тайлагнах, хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх ажлыг үр дүнтэй тогтмол зохион байгуулах;

6. Хүүхэд бүрийн хөгжих орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори болон бусад тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн санг орон нутгийн түвшинд бүрдүүлэн, хуулийн хүрээнд зохион байгуулж санаачилгатай ажиллах;

7. Хүүхэд бүрийн эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэн ажиллах

I. Хүүхдийнхээ хүсэл сонирхол, авьяас чадварыг танин мэдэж, ахиц амжилтыг дэмжин хөгжүүлэхэд багштай хамтран ажиллаж, сард 2-оос доошгүй удаа сургалт, үйл ажиллагаанд оролцох;

II. Хүүхдээ эрүүл, зөв амьдрах дадал хэвшил, зан чанартай сайн хүн болоход нь үлгэрлэх;

III. Анги, сургуулийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх, сайжруулахад идэвх, санаачлагатай оролцон, хүүхэд нэг бүрийн хөгжил, эрүүл аюулгүй байдлыг дэмжсэн сайн дурын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, хамтран ажиллах;

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ