sonin.mn

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн” сэдвээр хичээл  заана."Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө" уриатай цахим хичээлийг 10:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах юм. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч  “Дэлхийн дулаарал ба Монгол”,  “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байсан.

Энэ жилийн хувьд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсонтой холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах  хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм.

Төрийн өндөрлөгүүд, их хурлын гишүүд Ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, шинэ хичээлийн жилийг эхлүүллээ. Тухайлбал, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг БЗД-ийн 92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон бол УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэд оролцов.

Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр СБД-ийн 35-р дунд сургуулийн нээлтэд оролцлоо.Ийнхүү зуны гурван сар нам жим байсан эрдмийн өргөөд хүүхэд, багачуудын дуунд бялхаж, мянга мянга сурагч, оюутан залуус эрдэм мэдлэгийн их замын нэг шатнаа хөл тавилаа.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг