sonin.mn

Манай улс өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээгээ хангаж дийлэхээ больдог. Энэ асуудлаас гарах гол арга нь УЦС барих явдал хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тиймээс сүүлийн 23 жилийн турш яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Шинэчлэлийн Засгийн газар анх удаа баталлаа гэсэн сайн мэдээ өнгөрсөн долоо хоногт олны сонорт хүрсэн билээ.

Энэ талаар Эгийн голын усан цахилгаан станцын Төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сүүлийн 23 жилийн турш яригдсан Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ батлагдлаа. Баяр хүргэе.
-Монгол Улсад УЦС барих асуудлыг хөндөж тавьсан үе бол бүр эрт шүү дээ. ЗХУ-ын Усан цахилгаан станцын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд 1965 онд Монголд судалгаа хийгээд 26 газар УЦС байгуулах боломж байна гэж тогтоосны дотор Эгийн гол багтсан.

Харин Азийн хөгжлийн банкны  санхүүжилт, ТЭЗҮ-ийг тооцоолон гаргасан нь 1991 он. Түүнээс хойш гэж тооцвол 23 жил яригдсан нь үнэн. Энэ бол өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг бараг үндсээр нь шинэчилж дуусч байна гэсэн үг.

-Эрчим хүчний салбарын шинжлэх ухааны технологийн зөвлөл энэ ТЭЗҮ-г баталдаг юм байна. Тийм үү?
-Уг нь бол тийм. Гэхдээ 2-3 янзын юм бий л дээ. Аливаа шинэ техникийн эдийн засгийн үндэслэлийг олон улсын нэр хүндтэй, тэр чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компаниуд өөрсдөө тооцооллыг хийгээд техникийн хувьд боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаад, эдийн засгийн үр ашгийг тооцож, өөрсдийн нэр хүндээ баталгаажуулдаг.

Манайд бол ТЭЗҮ-ийг Европт эхний хоёр, гуравт тооцогддог компани хийсэн. Инженерийн компани гэдэг бол ажлаа дуусаад өөрийн тамгаа дараад гарын үсгээ зураад үндсэндээ ТЭЗҮ-ээ бид бэлэн болголоо. Үүнийг бид аль ч банк, санхүүгийн байгууллагад очсон бид хамгаална гэсэн л бол дуусчихдаг юм.

Манай Монгол Улсын хууль тэрийг зөвлөл дэмжинэ гэдэг логикоор явдаг. Үүнийг захиалагчийн хувьд боломжтой гэж үзлээ. Та нар боломжийн түвшинд хийлээ, энэ төслийг хэрэгжүүлж болно гэсэн шийдвэр л сая гарлаа.

-ТЭЗҮ батлагдлаа. Одоо тендер зарлах уу. Гүйцэтгэгчээ хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Энэ шийдвэрийг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам цаашилбал, УИХ-аар дамжин Засгийн газар гаргана. Харин төслийг удирдаж байгаа хүний хувьд байр сууриа хэлэхэд, олон улсад нээлттэй тендер зарлана гэдэг учир дутагдалтай юм шиг санагдаад байгаа юм. Анх 1996 онд олон улсын тендер зарлагдахыг монголчууд үзсэн.

Малайз, Чехийн компаниудын дундаас юу ч гараагүй шүү дээ. Ил зарлагддаг олон улсын тендерүүд зарим тохиолдолд буруу, тодорхой төслүүд дээр зөв байдгийг харуулж буй хэрэг болсон. Манай Эгийн голын УЦС-ын төслийн хувьд зарим хүнд төслийг цааш явуулахгүй байх ашиг сонирхол бий. Тиймээс тендер явуулбал хаалттай, тодор­хой хүрээ­лэл дунд явуулах хэрэгтэй.

Сүүл­ийн үед УЦС-ын дэлхийн жишиг “санхүүжилт дээр нэмэх нь шууд түлхүүр хүлээлгэн өгөх” төсөл гэдгээр хийгддэг болсон. Тухайлбал, УЦС-ын цахилгаан станцыг нэг компани, түүн дотроо цахилгаан станцын турбиныг нь бас нэг өөр компани тавих гэх мэтээр хувааж хийдэг. Ингэж хийхээр сүүлд нь хариуцлага хүлээх компани үгүй болдог.

Хариуцлага хүлээх эзэнгүй байна гэдэг аюултай л даа. Яагаад гэвэл газар хөдлөл, үер усны аюул гээд гэнэтийн зүйлд өртөхгүй байх баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс бүх зүйлийг цогцоор нь шийдсэн байх ёстой гэсэн саналуудыг манай төслийн нэгж оруулна. Ингэсний дараа Засгийн газар, Эрчим хүчний яам, УИХ-аар шийдэгдэнэ.

-Гэхдээ юутай ч үндсэн бичиг баримт нь батлагдчихлаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Манай төслийн нэгжийн залуу, чадварлаг, монгол инженерүүдийн шуурхай, чанартай сайн ажиллалаа. Энэ удаагийн ТЭЗҮ өмнөхөөсөө нэн ялгаатай болсон гэдгийг онцлоход таатай байна. Өмнө нь ТЭЗҮ-г хийж байхад бэлтгэгдсэн туршлагатай хүн ч ховор байж, тиймээс бүрэн утгаараа ТЭЗҮ болж чадаагүй.

Харин энэ удаад бид бараг хамтарсан маягтай хийсэн учраас хурдтай чанартай хийсэн. Тодруулбал, ТЭЗҮ-ийг дөрвөн сарын хугацаанд л хийлээ шүү дээ. Өмнөх ТЭЗҮ-г 1992-1996 оны хугацаанд бүтэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн.

-УЦС-ын давуу талыг мэргэжлийн хүмүүс сайн ойлгох байх. Харин энгийн иргэд төдийлөн муутай байж мэднэ. Тиймээс та Монгол Улсын эрчим хүчний салбарт УЦС зайлшгүй байх ёстой шалтгааныг тайлбарлахгүй юү?
-Товчхондоо нийгэм, эдийн засаг, эрчим хүч гэсэн гурван салбарт ач тустай зүйл дээ. Хамгийн эхлээд эрчим хүчний системийн тогтвортой үйл ажиллагаа гэж зүйл байдаг.

Энэ нь Монгол Улс ямар ч ачааллын үед үе үе тасраад унаад байхгүй, найдвартай эрчим хүчний хангамжийг үйлдвэр аж ахуйн нэгж, иргэдэд хүргэж байх ёстой. Ингээгүйгээс цахилгаан тасалдвал айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан бараа шатахаас гадна цаашилбал, үндэсний аюулгүй байдалтай холбогдож ч болзошгүй аюултай зүйл.

Тиймээс эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн улсын эрчим хүчний эх үүсвэрээр хангах бодлого нь өөрөө тогтвортой үйл ажиллагааны том зарчим юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй байдал. Бид ОХУ-аас ганц шугамаар эрчим хүч импортолдог. Энэ шугамаар дээд хязгаар нь 210мВт-ын эрчим хүч оруулж ирэх шугамыг бид өнгөрсөн жилийн оргил ачааллын үеэр 192 хүргэж эрчим хүч авсан.

Үндсэндээ бол 10 гаруйхан мВт-аар дутуу буюу шугамандаа бараг тултал эрчим хүч авсан. Зөрүү болж аваагүй үлдсэн 10 гаруй мВт эрчим хүч нь хар ухаанаар яривал ердөө хоёрхон хорооллыг хангахуйц эрчим хүч гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, дахин хоёр хороололд нэмж эрчим хүч авсан бол Монгол Улс цааш хөдлөх эрчим хүчний эх үүсвэргүй болох байлаа.

Ингэвэл хот тэр чигээрээ хөлдөх, гэрэлгүйтэх аюулд орно шүү дээ. Ийм тохиолдолд сэргээх гэж хэдэн цаг биш, хэд хоног шаардлагатай. ДЦС-уудын нэг аюултай зүйл нь зохицуулах тал дээрээ муу. Гэтэл УЦС бол хэвийн ажиллагаанд нь шууд оруулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Эгийн голын усан цахилгаан 827.6 сая ам.доллараар босно гэсэн тооцоо гарсан. Өртгийг Монгол Улсын төсвөөс өр тавилгүй, үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь борлуулах замаар 20 жилийн хугацаанд бүрэн төлж дуусгах нөхцөлтэйгөөр тооцоолсон. Эдийн засгийн хувьд маш их хэмнэлт гарна. Тодруулбал, 20 жилийн дараа өртгөө бүрэн нөхөж дууслаа.

Дараагийн өдрөөс эхлэн 1.4 центийн өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ бол маш бага өртөгтэй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний дундаж өртөг нь 7-7.7 цент байдаг. Импортын эрчим хүч бүр 12 гэж бодохоор өнөөдрийн түвшингээс хэд дахин хямд эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын хэрэглээгээ хангах боломж бүрдэх юм.

Ийм хямд эрчим хүч дотооддоо үйлдвэрлээд ирэхээр маневарлах чадвартай болно гэсэн үг л дээ. Тиймээс Эгийн гол УЦС-ыг барихын тулд бөөн өр тавих гэж байна гэж бодох нь ташаа ойлголт гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: