sonin.mn

Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэллээ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед айл бүр л хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдан авах гэж тэвдэж байна. Орлого багатай зарим нь хүүхдээ бусдын хүүхдээс дутуу явуулахгүй гэсэндээ ямар нэгэн аргаар хэрэгтэй бүх зүйлсийг нь бүрдүүлэн өгч буй.

За, сургуулийн хүүхдэд ч яахав. Зайлшгүй хэрэгтэйг нь худалдан авч байна. Харин цэцэрлэгийн хүүхдийн бүрдүүлэх эд зүйлс нь арай л хэтэрч буйг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь 100 мянган төгрөгөөс хол давсан үнэтэй ажээ.

Тэдэнд зайлшгүй худалдан авах зүйлсийнх нь нэрийн жагсаалтыг өгсөн байдаг. Энэ нь хүүхдийн амьдралын төвшний ялгааг гаргахгүй сайн талтай ч хүүхдийн хэрэглээнээс хэтрээд байгаа гэнэ. Тухайлбал, нэг хүүхэд 4350 төгрөгийн үнэтэй "Protex" гэх шингэн саванг гэхэд л дөрвөн ширхгийг авах шаардлагатай аж.

Хүүхдийг өдөрт гурван удаа гарыг нь угаалгах ёстой ч хоёр саван л хангалттайг цэцэрлэгт ажилладаг нэгэн танил маань хэлсэн. Гэтэл цэцэрлэгийн зүгээс зориуд олныг бэлдүүлээд хавар зах дээр бөөнддөг юм байна.

Энэ талаар "Хархорин" захад гоо сайхны бараа худалдаалдаг нэгэн эмэгтэй "Ойрын үед хүмүүс цэцэрлэгийн хүүхдийн хэрэгслээ авч байгаа болохоор бид орлого ихтэй байгаа. Гэвч цэцэрлэгийн зүгээс хэтэрхий их юм шаарддаг болж. Өнгөрсөн хавар надад нэг эмэгтэй "Protex" саван бөөндөж өгсөн. Гэтэл тэр дунд нь Төгөлдөр гэдэг нэр бичсэн саван байна лээ. Цэцэрлэгийн багш нар үлдсэн саванг нь хавар зардаг гэдгийг хүмүүс мэддэггүй байх" гэсэн юм.

Хэдийгээр түүний хэлсэн нь баримтгүй ч бас худлаа гэх аргагүй. Бусад буюу ариун цэврийн цаас, амны алчуур, шүдний оо зэрэг нь боломжийн байгаа ч дэвтэр, усан будаг, баримлын шавар, харандаанаас нь бас ашиг олдог юм биш биз. Хүүхдийнхээ хэрэглээнд анхаарал хандуулахгүй бол цэцэрлэгийн багш нар таны халаасыг хоослолцсоор байх нь дээ...!

М.Наранболд

Эх сурвалж: