sonin.mn

1939 оны Халх голын дайнд Монголын нисгэгч анх удаа Японы самуурайтай агаарт халз мөргөлт хийж, дайсны онгоцыг устгасан хорооны дарга, нисгэгч З.Борын тухай

1939 оны Халх голын дайнд шөнийн бөмбөгдөлтийн нууц аэродромыг Япон илчилсэн учир нисэх хүчний командлагч Н.Зайсанов, хорооны дарга З.Бор хоёр Буйр нуурын орчим нууц аэродром сонгоод Мататаас хэсгээ нүүлгэж ирэхээр нисч явтал гэнэт Японы хоёр сөнөөгч онгоц гарч ирэн түүний хоёр талаар хашиж олзолж авахаар заналхийжээ.

З.Бор онгоцныхоо дээд хурдаар Японы нэг онгоцыг халз мөргөж устгаад өөрөө шүхрээр буусан байна. Монголын нисгэгчдийн шөнийн бөмбөгдөлтийг ирэх, буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд хамгаалдаг байсан учир З.Борын Японы онгоцыг агаарт халз мөргөж устгаад шүхрээр газарт буухыг харсан нисгэгч түүний дэргэд улаан таван хошуутай онгоц бууж, савхин дээлтэй, энгэртэй олон одон медальтай нисгэгч онгоцноосоо гарч ирээд нэг хүний суудалтай онгоцныхоо бүхээгт З.Борыг оруулаад хөөрч, Японы самуурай нараас Монгол нөхрөө аварч гарсан нисгэгч бол хожим зургаа хамт авахуулсан ЗХУ-ын хошой Баатар алдарт нисгэгч Г.П.Кравченко байжээ.

Гэрэл зураг нь Ардын армийн 50 жилийн ойн альбомд гарчээ. Ингэж Халх голын дайнд Монголын нисэх хүчний түүхэнд анх удаа Японы онгоцыг агаарт "Р-5" онгоцоор халз мөргөж устгасан түүхтэй бөгөөд энэ тухай олон түүхэн баримт материал, сонин хэвлэлд бичигдсэн байдаг юм. Үүнд:

1. З.Бор дайсны онгоцыг агаарт халз мөргөж устгасныг Дотоод яам удаа дараа мөрдөн, байцааж байсныг Бор ярьж байв.

2. Нэг өдөр нисэх хүчний командлагч Зайсановыг Дотоод яам хоёр удаа дуудан байцааж, "Бороо чиний тухай 1939 онд болсон явдлын тухай асууж байна. Би чамайг мэднэ гэж хэлсэн шүү" гэж хэлж байжээ.

3. ЗХУ-ын "Заръяа" сэтгүүлд З.Бор дайсны онгоцыг агаарт халз мөргөж устгасан тухай нийтэлсэн сэтгүүлийг Дотоод яамны сайд байсан хожим армийн архивын газрын дарга байсан Цэдэв танилцана гэж аваад З.Борыг өөд болтол өгөлгүй алга болгожээ.

4. Ардын армийн 50 жилийн ойгоор 1951 онд гарсан гэрэл зургийн альбомд ЗХУ-ын баатар Г.П.Кравченко, комиссар Шагдарсүрэн, ЗХУ-ын баатар И.А.Лакаев, нисэх хорооны дарга З.Бор, ЗХУ-ын хошой баатар С.И.Грицевич нарын зургийг З.Борын зураг биш гэж гүтгэсээр байжээ.

5. Ардын армийн архивын газрын дарга хурандаа Баатар ЗХУ-ын армийн архивт очиж, "Гавьяа нь бүдгэрсэн хүмүүс" гэдэг номонд З.Борыг орсныг олзуурхан өөрт нь авчирч өгч байжээ.

6. "Халх голын тэнгэрт" гэсэн номонд дайсны онгоцыг халз мергөж устгасан З.Борыг "Бар" гэж бичсэн материал байжээ.

7. Социализмын үед ч З.Борыг хэлмэгдүүлж байжээ. Үүнд: 1963 оны есдүгээр сард 105 дугаарын "ИЛ-14" онгоцоор Завхан аймгийн чиглэлд нисэх үед агаар муудаж, диспедчер З.Бор онгоцыг нисгэхгүй гэсээр байхад агаарын харилцааны газрын дарга байсан генерал Г.Цог онгоцыг нисгэ гэж үүрэг өгчээ.

Гэтэл З.Бор "ИЛ-14" онгоц ил хараагаар нисдэг, шөнийн нислэгийн тоног төхөөрөмжгүй, хоёрдугаарт онгоцны дарга Лувсандагва дарга болоод удаагүй туршлага муутай, гуравдугаарт Отсонтэнгэр үүлэнд хаалттай, агаар муу байхад онгоцыг нисгэж, Отгонтэнгэр хайрхныг мөргөж, уг онгоц осолджээ.

Гэтэл З.Борын буруу биш гэдгийг нотолсоор байхад түүнийг өнчин хоёр охинтой нь ямар татгэлэггүй халж байжээ.

8. З.Борын тухай зохиолч С.Дашдэндэв бодит түүхэн баримтад тулгуурлан 1989 онд Халх голын дайны 50 жилийн ойгоор "Тэр хэн бэ?" гэсэн таван хуудас найраглал бичиж байжээ.

Халх голын дайнд Монголын нисэх хүчин оролцож, анх удаа Ардын хувьсгалын партизан Д.Дэмбэрэл "Агаарын зоригт баатар", нисэх хүчний командлагч Ц.Шагдарсүрэн "Эрхэм нисгэгч" цолоор, 2009 онд ууган гавьяат нисгэгч генерал Д.Гунгаа Халх голын 70 жилийн ойгоор БНМАУ-ын "Баатар" цолоор шагнагдсан түүхэн гавьяатай хамт олон юм.

Түүхч, сэтгүүлч, нисэхийн ахмад ажилтан М.Шагдаржав