sonin.mn

Гэгээн өдөр гэж байдаг. Гэрэлтэй дурсамж гэж бий. Сургуулийн босго алхсан хүн бүхэнд сайхан дурсамж үлдээсэн нь есдүгээр сарын 1-ний өдөр билээ. Энэ өдөр ээж, аавынхаа гарыг хөтлөөд алдрай үрс нь сургуульд ордог.

Эрхлүүлдэг биш эрдэм заадаг сургуулийн босгон дээр эцэг, эхээ дагаж төрхгүйтэх нэг ч нь байна. Өөрөө дүүгээ дагуулаад өндөр ах болчихсон мэт очих нэг нь ч бий. Ханцуйг нь эргүүлсэн формтой нь бий. Хацар нь халтартсан нь бий.

Миний дунд дүүгийн нэг зураг байдаг юм. Ханцуйг нь эргүүлчихсэн хар хослолтой, өөрөөсөө толгой намхан түнтгэр түнжин дүүтэйгээ зэрэгцээд зогсчихсон. Ард нь едүгээр сарын 1-н гээд ээж цэнхэр балаар таталчихсан болов уу. Нэг тийм бичиг бий.

Тэр зураг хараад л баймаар хөөрхөн. Өөрсдөд нь ямар санагддаг юм бол доо. Би нэгдүгээр ангид орж билээ. Багш маань сургуулиа саяхан төгссөн, саарал хослолтой, сайхан инээмсэглэлтэй бүсгүй байжээ. Хүүхдүүдээ нэрээр нь дуудаж бүртгэнэ.

Гэрийнхэнийхээ өхөөрдөж өгчихсөн нэрээр дуудуулах юм бодож зогсоно. Тэгэхэд би "Баярсайхан" гэж бүтэн нэрээрээ бараг анх удаа дуудуулж үзсэн байх аа. Шууд л том хүн болчих шиг санагдаж билээ.

Орой нь харихад дүү маань "Сургууль чамд ямар хоол өгч байна" гэж асуусансан. Цэцэрлэг шигээ санасан хэрэг байж дээ. Гэгээн өдөр гэжбайдаг. Гэрэлтэй дурсамж гэж бий. Сургуулийн босго алхсан хүн бүхэнд сайхан дурсамж үлдээсэн нь есдүгээр сарын 1-н билээ.

Ж.Баярсайхан

Эх сурвалж: