sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг Өмнөд Солонгос одоогоор авч үзээгүй байна. Энэ тухай Улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лим Бён Чхоль мэдэгджээ. Хоёр орны харилцааг сайжруулах зорилгоор хоригийг цуцалсан гэх сүүлийн өдрүүдэд гарах болсон олон тооны мэдээллийг тэрбээр няцаасан байна.

“2010 оны тавдугаар сарын 24-нд авсан арга хэмжээний талаарх Засгийн газрын зарчмын байр суурь өөрчлөгдөөгүй” гэж хоёр Солонгосын харилцааны бүхий л асуудлыг зохицуулдаг тус яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга цохон тэмдэглэжээ.

Шар тэнгис дэх Умард Солонгосын далайн хил орчимд Өмнөдийн “Чхонан” хөлгийг живүүлсний хариуд 2010 оны тавдугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын тухайн үеийн Ерөнхийлөгч И Мён Баг БНАСАУ-д хориг арга хэмжээ авсан юм. Тухайн үед Өмнөд Солонгосын тэнгисийн 46 цэрэг амь насаа алдсан билээ. АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид болсон явдалд Умард Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийг буруутгасан юм. Харин Умардын эрх баригчид үүнийг эрс няцаадаг.

Пхеньяны эрх баригчид эмгэнэлт явдал болсонд "хариуцлагатай арга хэмжээ" авах хүртэл хоригийг хэвээр үлдээх хэрэгтэй гэж Сөүлийн эрх баригчид үзэж байгаа гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.

“Умардын байр суурь өөрчлөгдөөгүй байгаа одоогийн нөхцөл байдалд бид “тавдугаар сарын 24-ний арга хэмжээ”-г цуцлах асуудлыг дахин авч хэлэлцэх бодолгүй байна” гэж Ли Мён Чхоль онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг