sonin.mn

Одоогоос 5 жилийн өмнө АНУ-ын Пийбоди Энержи компани Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн 18 га талбайд ашиглалтын дараах техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн билээ. Харин намрын налгар энэ өдрүүдэд энэ талбайгаас хадлан хадаж, хадсанаа хаман боож байна.

2009 оны 7-р сараас эхлэн нэг жилийн хугацаанд нөхөн сэргээх талбайд ус хураах талбай бий болгож, 20 см-ээс багагүй шимт хөрсөөр хучиж, гүн сийрэгжүүлэлт хийсэн болон үрлэлтэнд бэтгэсэн хөрсөнд ургамлуудаа тарьж, ан амьтан, малаас хамгаалж хашаажуулжээ. Энэ бүхнийг хийхдээ АНУ-ын туршлага, стандартыг Монголын багийхантай хамтран Монголын нөхцөлд нутагшуулсан байна.

Өнөөдөр нөхөн сэргээсэн талбайд 50 гаруй зүйл ургамал, нүүдлийн болон суурин шувууны 26 зүйл, тарвага, туулай, дагуур зурам үэрэг амьтад нутагшжээ. Судлаачид, мэргэжилтнүүд ажлынхаа үр дүнг “ Экосистем унаган төрхөндөө эргэн ирж байна” гэж итгэл дүүрэн ярьж байна. Түүнчлэн нутгийнханы хүсэлтээр ундны болон малын хэрэгцээнд зориулан гаргасан худаг нь тухайн нутагтаа анхных бөгөөд жилийн 4 улиралд тасралтгүй хэрэглэгдэж байна.

Нутагшиж буй ургамал, амьтны судалгаа хийдэг 12 мониторингийн цэгт өмнө нь байгаагүй 12 зүйлийн ургамал нутгийн унаган өвс ногоо шиг дэлгэрч байгаад судлаач, ХААИС-ийн профессор Д.Түмэнжаргал сэтгэл хангалуун байлаа. ХААИС-ийн профессор Ч.Ууганбаяр ч олон жилийн уйгагүй ажиллагааны дүнд амьтад эргэн нутагшиж, бий болгосон цөөрөмд нь нүүдлийн шувууд олноор саатаж байгаад бахархаж байв.

Энэ бүхэн зөвхөн Пийбоди компанийн хүчин зүтгэл биш анхнас нь оролцсон нутгийн иргэд, дэмжсэн төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг Пийбоди Энержи компанийн захирал Аршад Саиед онцлоод “Эрээний уурхайн нөхөн сэргээлт бол илүү сайн хийж болдгийн үлгэр жишээ. Бид бас хамтдаа суралцаж байна” гэв.

Нөхөн сэргээлтийн үр дүнтэй газар дээр нь танилцсан БОНХ-ийн Сайд С.Оюун “Маш их сэтгэл, зүтгэлийн үр дүнд уул уурхайн ашиглагдсан нутаг унаган төрхөндөө орж, тэр бүү хэл шинэ ургамал ч нутагшиж болдог юм байна гэдгийг эндээс харлаа.

Манайд нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх оролдлого 2008 оноос эхэлсэн гэж болно. БОНХЯ энэхүү стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, тархац ихтэй ашигт малтмал бүрээр нь стандарттай байх чиглэлээр ажиллаж 10-аад төслийг батлуулахаар холбогдох газарт нь өгчихөөд байна. Түүнчлэн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын төвтэй болохоор Койка олон улсын байгууллагатай саяхан Санамж бичиг зурсан” гэдгийг дуулгалаа.

Намрын шаргал нар Эрээний уурхайд таатай ээж байна. Нарны гэрлээс ч хурц ээж буй бас нэгэн гэрэл нь нөхөн сэргээлт хийсэн компани, эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлт байв.

Тэдний дунд БОНХ-ийн Сайд С.Оюун, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарын ажлын нэг өдөр өнгөрлөө гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэж байна