sonin.mn

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 150-200 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг энэ намар ашиглалтад орох  бөгөөд одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд барьж буй хоёр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нь цэцэрлэгийн насны 1200 хүүхэдтэй ч  “Яргуй” хэмээх төрийн бус өмчийн нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тус хорооны 150 хүүхэд хүмүүжиж байгаа юм.

Тус хорооны Засаг дарга Б.Наранцэцэг 21 дүгээр хорооны иргэд улсын цэцэрлэгт орон тоо байхгүйгээс хүүхдээ өөр дүүргийн цэцэрлэгт өгөх, эсвэл хол зайдуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ оруулсан талаар З.Батзандан гишүүнд уламжлав.

Одоогийн байдлаар тус хороонд цэцэрлэгт хамраагүй 560 гаруй хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд тун удахгүй шинэ цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажил хэзээ дуусч хүүхдүүдээ хүлээн авах талаар болон цэцэрлэг ашиглалтад орсноор хичнээн хүн ажлын байраар хангагдах талаар  асууж тодруулав.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б. Наранцэцэг “Барилгын ажил бүрэн дуусмагц 10 дугаар сарын 1-нээс эхлэн шинэ цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авна. Хоёр цэцэрлэг ашиглалтад орсноор ахлах болон туслах багш, тогооч, үйлчлэгч гээд нийт 50-иад хүн ажлын байртай болох тооцоо бий. Бид зөвхөн хорооныхоо иргэдийг ажлын байраар хангахаар зорьж байна” гэв.

Тус бүр нь 875 мкв талбайтай энэхүү цэцэрлэгүүд нь Дэлхийн банкны санхүүжилтээр болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд  Канад технологиор барьж байна.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг