sonin.mn

Борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдийг цэгцлэх цаг нь болжээ. Байр болгоны нэгдүгээр давхарт болсон болоогүй хувийн эмнэлгүүд нээгдэн иргэдийн халаасыг цэвэрхэн гэгч нь сэгсэрч байгаа нь нууц биш.

Ийн хэлэхийн учир нь өнөөдөр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа цэцэрлэгийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй гэсэн олон эцэг эхчүүдийн хүсэлтийг хүргэх гэсэнтэй холбоотой юм.

Бид өнгөрсөн он жилүүдэд их, дээд сургуульд хүүхдээ оруулах гэж уртаас урт дараалал үүсгэдэг байсан. Тэгвэл одоо эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа шаагилдан, бачуурч хаана хэнд хандахаа мэдэхгүй хэдэн багш нарыг нь элдвээр хэлж бас зарим нь арга эвийг нь олчих санаатай тэднийг царайчлах аж.

Өмнө нь эцэг эхчүүд ар өврийн хаалга хэрэглэж арав таван төгрөг өгч хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулдаг байсан бол энэ жил иймэрхүү найраа огт байхгүй болсон тухай олон хүн хэлж байсан.

Бидний энэ удаагийн зорилго өмнө нь цэцэрлэг байсан газ­рууд одоо яагаад хувийн эм­нэлэг болчихов гэдэгт буй юм. Тухайлбал, цагийн сайханд Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах 250-иад хүүх­дийн хүчин чадалтай цэцэрлэг өнөө­дөр “Арано” гэх нэртэй шүдний эм­нэлэг болсон байна. Уг нь төр, засаг анхнаасаа хуваарилалтаа зөв хийж, алсын хараатай ажилласан бол өнөөдөр цэцэрлэгийн асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болохгүй байсан нь ойлгомжтой.

Орос ах нарын барьж өгсөн энэхүү цэцэрлэгийн байрыг 2001 онд хувьчилсан байна. Тус хорооны оршин суугчдын хэлж буйгаар “Хотын дарга асан Ц.Батбаярын үед цэцэрлэг хувьчлагдаж байжээ. Уг нь манай дүүргийн гурван хорооны хүүхдүүд тус цэцэрлэгт хүмүүжиж цэцэрлэг олдохгүй асуудал огт гардаггүй байсан.

Үнэндээ одоо энд шүдний эмнэлэг биш цэцэрлэг хэрэгтэй байгааг холбогдох албаны хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэртэй тэргүй байшингийн тохой булан бүрт л болсон болоогүй нүдний, шүдний, эмэгтэйчүүдийн гэх эмнэлгүүд ол­ноор бий болсон байхад зарим эмнэлгийг хааж улсынх биш юм аа гэхэд хувийн цэцэрлэг болгож эцэг, эхчүүдийн дарамтыг бага ч болов хөнгөлөх хэрэгтэй шүү дээ.

Тиймээс цэцэрлэг байсан газ­руудыг суллаж өгвөл гэртээ цоож­той үлдсэн хүүхдүүд цэцэрлэгт хү­мүүжиж олон эцэг, эхийн магнай тэнийн баярлах байх” гэв.

Байдал ийм байхад төр яагаад өөрийн мэдлийн обьектоо эр­гүүлэн авч болохгүй гэж. Дээрх цэцэрлэгийн байрыг орос ах нар бидэнд үнэгүй барьж бэлэглэж өгсөн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Цэцэрлэгийн барилга зөвхөн үүгээр дуусахгүй.

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах сувиллын ясли цэцэрлэгийн нэг корпусыг “Монзакира” эмнэ­лэг эзэгнэжээ.

Уг нь тус сувиллын ясли ца­гийн сайханд мөн л дангаараа цэцэрлэг байсан байна. Гэтэл их хувьчлалын үед бас л энэ цэцэр­лэгийг эрх мэдэлтнүүд мөн­гөтэй эрхэмд зарснаас өнөө­дөр сувиллын ясли айлын зайнд хөөгдчихгүйхэн шиг толгой хо­рогдож байгаа нь хөөрхийлтэй.

Ер нь яагаад улсын мэдэлд байсан энэ олон цэцэрлэгийг ху­вийн эмнэлэгт өгөх болов гэд­гийг сонирхож явахад зарим албан тушаалтнууд “Тухайн он жилүүдэд цэцэрлэг шиг хэ­рэг­гүй юм байгаагүй. Учир нь тэр үед цэцэрлэгт явдаг хүүхдийн тоо эрс буурсан учраас алдаг­далд оруулахгүйн тулд ху­вийн хэвш­лийнхэнд хувьчлах болсон. Одоо цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ нэмэгдмэгц төр өмчөө авъя гэж хэлж болохгүй. Уг нь төр боломжгүй үедээ хувийн хэвш­лийнхэнд зарсан шүү дээ” хэмээн хээв нэг хэлж байсан хүнтэй ч таарсан юм.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцаан газрын мэргэ­жил­­тэн Ч.Шинэхүү “Таны асууж байгаа хоёр цэцэрлэг хоёу­лаа хувьч­лагдсан. Яг хэзээ хувьч­лагдсан болон ямар шугамаар яаж хувьчлагдсан талаар хэлж мэ­дэ­х­гүй байна. Энэ хувьчлалтай холбоотой асуудлыг бид архиваас шүүж үздэг учраас одоо амаараа ийм байна гэж хэлэх боломж байхгүй. Ямартай ч цэцэрлэгийн барилга хувийн хэвшилд хувьч­лагдсан гэдэг нь үнэн” гэлээ.

Яагаад цэцэрлэг ийм их эрэлт хэрэгцээтэй болов оо. Зөвхөн жилд төрж байгаа эмэгтэйчүүдийн тоо арван мянгаар өсч байна гэсэн статистк судалгаа бий. Уг нь төрөөс Монголын үрс маш олон болтугай гэх бодлого баримталж энэхүү ерөөл нь биеллээ олоод эхэлтэл улс нь цэцэрлэгийнхээ тоог нэгээр ч нэмэхгүй хэрнээ хувийн хэвшлийнхэнд ийнхүү найр тавин тэдний халаасыг түн­тийлгэх хэрэг байна уу гэж хэлэх хүн ч олон байна.

Нийслэлийн боловсролын газ­рын дарга Ц.Отгонбагана “Нийт цэцэрлэгийн насны хүүх­дийн дөнгөж 60 хувь нь л цэ­цэр­лэгт хамрагдаж бусад нь гэртээ хүмүүжиж байгаа энэ үед төрийн шийдвэр гаргах зам нь гишүүд сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хараад суухгүйгээр өнөөдөр албан байгууллагууд ажилч­дынхаа хүүх­дийг авдаг цэцэрлэгийг дэргэдээ байгуулах нь асуудлыг шийдэх гарц.

Мөн “ААН-үүдийг дэргэдээ цэ­цэрлэг байгуулах ажлыг уриалж байгаа. Хуульдаа ч тусгасан байдаг. Өнөөдөр таван байгууллага дэргэдээ сургууль, цэцэрлэг бай­гуулаад явж байна. Энэ үйл ажил­лагаа цаашдаа идэвх­жих байх” гэв.

Эндээс харахад Монгол Улсын бүхий л аймаг сумдад цэцэрлэг нэн хэрэгцээтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн эмнэл­гийг цөөлж байшингийн тохой булан бүрт цэцэрлэг бай­гуулъя гэсэн саналтай олон хүн нэгдэх сураг ч чих дэлсэв.

Эрэлт хэрэгцээ нь байгаа учраас цэцэрлэгийн бизнес Монголд хэ­рэг­тэй гэсэн үг. Тиймээс цэцэрлэг байгуулах бизнесийг төрөөс дэм­жих шаардлагатай байна. Уг нь төр, засгийг цэцэрлэг байгуулаад өгөөч гэж олон эцэг, эхчүүд санал өгч байсан боловч төрийн түшээд тэдний энэ саналыг нь үл огоорсон.

Тэгвэл хэн нэгний эрүүл мэндээр бизнес хийж мөнгө олдог эмч нарт биш цэцэрлэг бай­гуу­лах хүсэлтэй байгаа зарим иргэдийг нөхцөл бололцоогоор нь хангачихвал ард түмэнд хамгийн их хэрэгтэй зүйлийн нэг болох нь дамжиггүй.

Р.Саруул

Эх сурвалж: