sonin.mn

Ганбатын Болдбаатар гэж дэндүү даруухан бор залуу байх. Эрдэмт хүн даруухан гэдэг дээ. Энэ л түүнд оносон үг. Өөрийн сонгосон спортдоо сэтгэлээ өгсөн учир түүнд жүдогийн ур эрдэм цогцолсон байж таарах биз ээ. Тэр үндэсний шигшээ багт зөндөө удсан тамирчны нэг.

Амжилт нь ч тогтмолжсон нь онцлог. 2009 онд Ази тивийн аварга болов. Түүнээсээ хоёрхон жилийн дараа “Мастерс” тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн байдаг. Бас дэлхийн цом “Гран при”, “Чингис хаан” олон улсын тэмцээнүүдэд зургаан удаа аваргалсан юм билээ.

Тэгээд сая ОХУ-ын Челябинскт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд торолгүй түрүүлж дэлхийн аваргын хүндтэй цолын эзэн болов. Монголын эрэгтэй жүдочоос хоёр дахь дэлхийн аварга юм.

ДАШТ болсон “Трактор Арена” ордноос Монголын Г.Болдбаатар дэлхийн аварга боллоо гэсэн баярт мэдээ тарснаас хойш түүний тухай улс орон даяар шагшин байх тэр үед түүнтэй холбогдоход асуулт бүхэнд нөгөө л урьдын даруу зангаар энгийн хариулт өгч байлаа.

Г.Болдбаатар анх Орхон аймгийн “Хангарьд” клубт дасгалжуулагч багш Ш.Бат-Оршихын шавь болж жүдо гэх их спортод хөл тавьжээ. Долдугаар ангийн шавилхан жаал хүү байсан үе нь дээ. Тэр цагаас хойш 13 жил өнгөрч өнөөдрөөс эхлээд Болдбаатар гэдэг жүдоч жиндээ дэлхийн тэргүүн бөхийн хаан суудалд тухалнаа гэж бодохуйд бахархал төрнө.

Г.Болдбаатарын хөдөлмөрч тамирчин гэдгийг харуулах нэг баримтыг хэлбэл тэмцээн бүрт жин хасч барилддагаас нь харж болно. Жин хасна гэдэг бол амар юм биш. Тамирчны бие бялдарт ачаа их ирнэ гэсэн үг. Тэрнийг өөрийн тэсвэр тэвчээрээр давна гэдэг төрмөл авьяастай хослосон тамирчин хүний ховор чанар. Энэ тухай Г.Болдбаатарын эхнэр нь:

-Миний хань жүдодоо бүхнээ зориулсан хүн дээ. Би ханийгаа хамгийн жин даах тамирчин гэж боддог гэснээс харагдах ажгуу.

Эх сурвалж: