sonin.mn

Нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан боловсролын байгууллагын ойролцоо хэв журам аюулгүй байдлыг хангах тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хзмжээ авч байна вэ?
-Нийслэлийн Цагдаагийн газраас 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нэгдсэн арга хэмжээг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын
15-ны хооронд зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд "School police" эцэг эхийн эргүүлийн ажлыг үргэлжүүлэн зохион байгуулна.

Өнөөдөр /өчигдөр/ нийслэлийн II, V сургууль болон "Монген" сургууль хүүхэд ээлтэй сургууль болох зорилго тавьж "School police" эцэг эхийн эргүүлийн ажлын нээлтийг хийсэн.

-Өнгөрсөн жил эцэг эхийн эргүүлийн ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хэдэн хувиар буурсан бэ?
-Өнгөрсөн жил Монголын сурагчдын холбоотой хамтарч нийслэлийн ерөнхий боловсролын 211 сургууль дээр эцэг эхийн эргүүлийн ажлыг явуулсан байгаа. Энэ хугацаанд сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх ажпыг зохион байгуулсан.

Үүнийг сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллага идэвхитэй оролцсны үр дүнд сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт 30 хувиар буурсан. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн дээр сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоог 50 хувиар бууруулах зорилтыг тавьж байгаа.

Энэхүү эргүүлийн ажил цагдаагийн байгууллагаас хамаарахгүй. Иймээс эцэг, эхчүүд болон сургуулийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага хамтын ажиллагаа хамгийн чухал юм. Эргүүл хийж байгаа эцэг, эхчүүдэд тухайн байгууллага нь цалинтай өдрийн чөлөө өгч байгаа.

Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд нэг өдөр идэвхитэй оролцох хэрэгтэй юм. Ер нь "School police" эргүүлийн ажил хийж байгаа эцэг, эхчүүд сургуулийн орчны гэмт хэрэг гарч байгаа газар болон сургуулийн ойролцоо байгаа PC тоглоомын газруудад хяналтыг тавина.

-Эхний ээлжинд гурван сургууль эргүүлийн ажлыг эхлүүлсэн байгаа гэж байна. Бусад сургуулиуд хэнээс эхлэх вэ?
-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан эргүүлийн ажлын нээлт эхэлсэн байгаа. Ер нь бол хичээлийн жил дуустал эргүүлийн ажпыг үргэлжлүүлнэ. Сургуулийн захиргаа нь бүтэн жилийн эргүүлийн ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргана. Ингээд эцэг, эхчүүд гаргасан хуваарийн дагуу эргүүлийн ажлаа хийх юм.

-Өнгөрсөн жил эргүүлийн ажилд эцэг эхчүүд хэр идэвхитэй ажилласан бэ. Сургуулийн захиргаа юун дээр илүү анхаарч ажиллах ёстой байна?
-Ер нь харилцан адилгүй байсан. Сургуулийн зүгээс эцэг, эхчүүдэд нэгдсэн хурал зохион байгуулж мөн сургалтыг эцэг эхчүүд явуулах хэрэгтэй юм. Эргүүлд гарч байгаа хүмүүст сургуулийн нийгмийн ажилтан заавар зөвлөгөө өгөх ёстой.

Тухайлбал, 34 хүүхэд 7А ангийн эцэг эхчүүд эргүүл гаргах гэж байгаа 14 хоногийн өмнө эргүүл гаргах эцэг эхчүүд хурал хийж, эргүүл хийхэд зориулж гаргасан сургалтын материалыг эцэг эхчүүд үзүүлж танилцуулах хэрэгтэй.

-Эргүүлд гарч байгаа эцэг, эхчүүд хэн хяналт тавих вэ?
-Хяналтыг Монголын сурагчдын холбоо тавина. Бид чиг үүргээр хангаж ажиллана.

-Ер нь сургуулийн орчинд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?
-Судалгаанаас үзэхэд бусдын биед гэмтэл учруулах, танхайрах, хулгайн гэмт хэрэг зонхилж байна.

-Сургуулийн орчинд дээрэм болон хулгай гэмт хэрэг нэлээд гардаг. Энэ төрлийн гэмт хэрэг өртсөн хүүхдүүд хаана хандах вэ?
-Ер нь хичээл сургууль эхлэж байгаатай холбогдуулан хүүхдүүд уулзаж, дарвих, чөлөөт цагаа өнгөрөөх асуудал гардаг. Иймээс эцэг, эхчүүд болон сурган хүмүүжлэгчид хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа хичээл тарах, орох үед бага насны хүүхдүүдэд хараа хяналтыг сайн тавих шаардлагатай.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан баар цэнгээний газруудад хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажиллаж байгаа гэсэн. Нийслэлийн Цагдаагийн газар энэхүү ажил дээр ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд сургуулийн ойр орчимд ажиллаж байгаа согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Мөн насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдан борлуусан аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага тооцож байгаа.

-Бага насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол нэлээд гардаг. Энэ талаар?
-Бага насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх асуудал цөөнгүй тохиолддог. Тухайлбал, ээжийг нь зодох, согтуурсан үед гэртээ согтуурхах зэрэг асуудал нэлээд бүртгэгдсэн. Мөн хүүхдээ хазах, утсаар толгойг хагалах зэрэг асуудлууд гарсан байгаа. Үүнийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж, шийдвэрлэсэн.

-Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг хамгаалах байр ашиглалтанд орсон. Энэхүү байранд хичнээн хүүхэд хамгаалуулж байгаа вэ?
-Хүүхдийн түр хамгаалах байр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр нээлтээ хийж анхны хүмүүсээ авсан байгаа. Түр хамгаалах байранд өнөөдрийг хүртэл нийтдээ 147 хүн үйлчлүүлсэн. Үүнээс бага насны 102 хүүхэд ээжийгээ дагаж ирсэн байгаа. Мөн том 45 хүнээс хоёр эрэгтэй хүн үйлчлүүлж байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: