sonin.mn

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнтэнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.

Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.

Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад их урам авсан. Монгол улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өөрийн санаачилгаар хандив цуглуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд буян хийсэн ариун үйлсийг хүндэтгэн талархал дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь манай эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол улсын маань ирээдүйд маш том туслалцаа дэмжлэг болж байна” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн манай улсад хүүхдийн шүдний цооролт их байдаг. Тиймээс улсын төсвөөс хамааралгүйгээр хүүхдийн шүдний цооролтой тэмцэх төслийг хэрэгжүүлнэ. Төсвөөс өөр эх үүсвэрээр хийх ямар боломж байна гэдгийг судална гэдгээ хэлсэн юм. Ажиа гэгээнтэн энэ эмнэлэг бол олон түмний буянаар боссон эмнэлэг, Монголчууд нэг нэгнээ хүлээлгүй хийх хэрэгтэй хэмээж байлаа.

Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг нь подволтойгоо долоон давхар барилгын нийт өртгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр босжээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглосон тус эмнэлэг нь 4600 м квадрат талбайтай, нийт 75 ортой. дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг