sonin.mn

ВАШИНГТОН. /SilkRoadReporters/. Орос болон Хятадын аль алинд түүхэндээ дарангуйлагдаж байсан Монгол Улс хуучин эзэдтэйгээ төдийгүй, Төв Азийн асуудалд шинээр хөндлөнгөөс оролцож эхэлсэн АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийх замаар тусгаар тогтнолоо хамгаалахаар чармайж байна.

“Сэлэнгэ” хоёр талын хамтарсан цэргийн сургуулилтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна  “Сэлэнгэ-2014” энэ сарын 15-нд эхэлсэн юм. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн албан ёсны төлөөлөгч Александер Гордеевын мэдэгдсэнээр, хамтарсан сургуулилт болж байгаа Дорнод аймгийн “Мөнххэт” талд Оросын Өвөр Байгалын агаарын цэргийн хүчний “Ми-24” нисдэг тэргүүдийг байрлуулна.

Мөн энэ удаагийн сургуулилтад Оросын зэвсэгт хүчний “Акация” их бууны систем, “Град” пуужин харвах систем болон “Шилка” зенитийн цогцолборыг анх удаа ашиглана. Монголд мөн зохион байгуулсан “Сэлэнгэ-2013”-т Оросын Дорнод цэргийн тойргийн 300, Монголын зэвсэгт хүчний 250 цэрэг оролцож байжээ.

“Сэлэнгэ” цэргийн сургуулилт нь бусад улсын зэвсэгт хүчинтэй Монголын зэвсэгт хүчин хамтран ажиллаж байгаагийн зөвхөн нэг хэсэг. Монголын цэргүүд гадаадад хоёр талын цэргийн сургуулилтад мөн оролцдог юм.

Тухайлбал, 2012 оны наймдугаар сарын 6-16-нд Энэтхэгийн Карнатака мужийн Белгаум дүүрэгт болсон “Нүүдэлчин заан” найм дахь удаагийн хамтарсан цэргийн сургуулилтад Монголын армийн 38 цэрэг, Энэтхэгийн армийн явган цэргийн хорооны 44 цэргийн хамт оролцож байсан. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар цэргүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургуулилт юм. Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулилтыг анх 2004 онд зохион байгуулж байсан.

Хилийн чанадад НҮБ-ын дэмжлэгтэй болон олон улсын бусад энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг зэвсэгт хүчний цэргүүддээ зөвшөөрсөн хуулийг Монгол Улсын Засгийн газар 2002 онд баталснаас хойш олон улсын энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ оролцуулахыг тус улс гадаад бодлогынхоо нэг гол зарчим болгосоор ирлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 9000 гаруй цэрэг гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.

2003 онд Монгол Улс бие бүрэлдэхүүнээ Ирак руу илгээсэн бол, 2005-2006 онд Косовод явуулсан НАТО тэргүүтэй олон улсын хүчний ажиллагаанд монгол цэргүүд оролцсон. 2009 онд улсдаа ойр Афганистаны “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” рүү Монгол Улс 144 цэргээ илгээсэн. Саяхан л гэхэд Монгол Улс 2012 онд Өмнөд Судан руу энхийг сахиулагчдаа илгээсэн юм.

Афганистан болон Өмнөд Суданаас гадна одоогоор Сьерра-Леон, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Этиоп, Эритрей, Баруун Сахар болон Либерид Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.

ОХУ болон БНХАУ-аас бусад улстай харилцаагаа бэхжүүлэх “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд тусгаар тогтнолоо хамгаалахын тулд дипломат харилцаа, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаадаа Еврази дахь хоёр их гүрний хооронд хавчуулагдан оршдог Монгол Улс ихээхэн найдлага тавьсаар байна.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо АНУ болон бусад томоохон эдийн засаг, тэдгээрийн дотор, Япон, Канад болон Европын хэд хэдэн улстай Монгол Улс стратегийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байгаа юм.

Монголын батлан хамгаалахын төлөвлөгөөнөөс АНУ орхигдсон удаагүй. 2002 оноос хойш АНУ-ын цэргүүд “Хааны эрэлд” олон улсын жил тутмын цэргийн сургуулилтад оролцсоор байна. Энэ ажиллагааг анх 2002 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далайн команд болон Монголын зэвсэгт хүчин хоёр талын цэргийн хамтарсан сургуулилт хэлбэрээр зохион байгуулсан нь 2006 оноос олон улсын цэргийн сургуулилт болон хүрээгээ тэлсэн.

Монгол нь БНХАУ-тай маш ойрхон оршдог учраас “Хааны эрэлд”-ийг Бээжинг дарах гэсэн АНУ-ын стратегийн нэг хэсэг гэж олон шинжээч анх үзэж байсан ч Монголын Тавантолгой дахь бэлтгэл сургуулилтын баазад болсон “Хааны эрэлд-2014”-т БНХАУ анх удаа оролцсон нь энэ сургуулилт олон улсын шинж чанартай болохыг батлан харуулсан юм.

“Хааны эрэлд-2014”-т 1000 гаруй цэрэг, тэдний дотор, АНУ-ын ойролцоогоор 300 цэргийн албан хаагч, бусад 23 улс, тодруулбал, Австрали, Бангладеш, Беларусь, Канад, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Индонез, Япон, Монгол, Балба, Польш, БНСУ, ОХУ, Сингапур, Тажикистан, Таиланд, Турк болон Британийн цэргийн албан хаагчид, ажиглагчид оролцсон билээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт айлчилсан нь Вашингтонд Монголын ач холбогдол нэмэгдэж байгааг тодотгон харуулсан. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2005 онд Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелд Монгол Улсад айлчилж байсан юм. 2012 онд Монгол Улс анх удаа НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад урилгаар оролцсон.

Цэрэг армитай холбоотой өөр нэг зүйл гэвэл, Америкийг илэрхий эсэргүүцэгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ Монгол Улс мөн ажиглагчийн статустай. 2005 оны тавдугаар сарын 5-нд Узбекистаны Андижан хотод болсон эмгэнэлт явдлын дараа, Төв Азиас гарах хугацаагаа товлохыг АНУ тэргүүтэй терроризмтой тэмцэх эвслийн хүчнүүдээс хүссэн хамтарсан тунхаг бичигт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистаны төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ.

Дипломат асуудлаар Монгол үнэхээр овсгоотой байна. Тус улсын Засгийн газар дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд албан хаагчдаа оролцуулах үүрэг амлалтаа сайн биелүүлж байна.

Гэхдээ ОХУ-тай Өрнөдийн улсуудын харилцаа муудаж, Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ өөрийн газар нутаг гэж дангаараа ноёрхохыг эрмэлзэж байгаа энэ үед НАТО, ШХАБ, БНХАУ, ОХУ, Энэтхэг болон АНУ шиг хоорондоо эрс өөр улс, байгууллагуудтай харилцахдаа Монгол Улс энэ ов мэхээ хэр удаан ашиглаж чадах эсэхийг харах л үлдлээ гэж Вашингтон дахь Жон Хопкинсын  Төв Ази- Кавказын хүрээлэнгийн зочин судлаач, доктор Жон С.К.Дали бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг