sonin.mn

Улсын ургацын комисс хуралдлаа. Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн  тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна.

Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ жил хүн амын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв. ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ,  20 хувь нь эхэн үедээ,  10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Өөрөөр хэлбэл, техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай.

Өнөөгийн байдлаар Дархан–Уул аймгийн Хонгор суманд шууд хураалт, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон суманд ангилан хадалт эхэлжээ. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 2-ноос жигдрэх төлөвтэй гэнэ.

Тиймээс Сэлэнгэ, Төв аймгаас ургац хураалтын үед ажиллах 1420 цэргийн албан хаагч, 220 оюутныг ажиллуулах хүсэлтэйгээ салбарын яаманд уламжилжээ.Улсын ургацын комиссын гишүүн БХЯ-ны төлөөллийн хувьд ургац хураалтын үед ажиллах цэргийн тоог 700 мянгад хүргэх боломжтой гэсэн бол ЗТЯ тариа хураалтад ашиглагддаг гол замуудыг засч янзлах шаардлагатай байгааг комиссын хуралдааны үеэр хэлж байлаа.

Ямартай ч, хөхүүрийн ам цаашлан хүйтний эрч наашлаж буй болохоор оройдоо хасах градустай хонож,  цаг агаар аажмаар хүйтрэх төлөвтэйг ч Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхан анхаарууллаа.

Ингээд ҮХАА-н сайд, Улсын ургацын комиссын дарга Ш.Түвдэндорж ургацын комиссын гишүүдийн санал, мэдээллийг сонсоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, орон нутагт ургацын салбар штаб байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, урьдчилсан балансаар таримлын болц жигд, хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэхээр байгааг харгалзан ажиллах хүн хүч, үтрэм, техникийн бэлэн байдлыг хангах, намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж,  тасалдалгүй  хангах  зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Түүнчлэн дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний үрийн нөөц бүрдүүлэх, үрийн цэвэрлэгээг газар дээр нь шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьж ажиллах,  комбайн, трактор  болон үтрэмийн машин техникийн бэлэн байдлыг хангаж, хураалтын явцад аль болох техникийн саатал гаргахгүй байх, техникийн шилжилт, хөдөлгөөн хийх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох газрын удирдлагуудад үүрэгдлээ.

Эцэст нь, тэрээр “Эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоог  ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, арми зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнсэнд өргөн хэрэглэх замаар ногоочдынхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, борлуулалтыг нь дэмжих арга хэмжээнд идэвхтэй оролцохыг та бүхнээсээ хүсч байна” гэлээ.  

Дашрамд, “Ургацын төв штаб” орон нутгийнхны тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд Улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж байх аж. Энэ жилийн ургацад нийтдээ 450 мянган тоннын багтаамжтай 21 элеватор, 90 гаруй агуулахад буудай хүлээн авахаар бэлтгэл хангажээ.

Үүнээс ТЭДС-д 146 мянган тн, гурилын үйлдвэрүүдэд 212 мянган тн, спиртийн үйлдвэрүүдэд 7000тн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 85 мянган тн багтаамжтай элеватор, агуулах ашиглаж байгаа аж. Төв суурин газруудад нийтдээ 182,2 мянган тоннын багтаамж бүхий 3600 гаруй зооринд төмс, хүнсний ногоо хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.