sonin.mn

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 8 аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж тээвэрлэж эхлээд байна.

Тодруулбал , “Зүрх уул-5-р сургууль”, “Нисэх-120 мянгат”, “Дамбадаржаа- Хуч бөөний төв”,  “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баруун салаа - 105-р сургууль”, “Ботаник -Токиогийн гудамж”, “Шархад -Цайз-Сансрын түнель, “Эмийн ургамал-Баянзүрх цогцолбор сургууль “ гэсэн чиглэлд өглөө бүр сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд сурагчид энэхүү автобусаар 200 төгрөг төлөн зорчиж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу 2014 оны 09 сарын 01,02 –ны өдрүүдэд эдгээр автобусуудаар нийт  660 гаруй сурагчид үйлчлүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.