sonin.mn

Энэ жил 51 настай Холливудын "Галзуу" жүжигчин Жонни Депп "Interview" сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа бага насны дурсамж, жүжигчин болсон түүхээсээ хуваалцсан байна.

-Таны гадаад байдал ялангуяа галзуу гэмээр төрх хэзээнээс бүрэлдсэн бэ?
-Би найман нас хүртлээ Кентуккид амьдарсан. Дараа нь Флоридад шилжин ирсэн юм. Тэнд Сицил, Кубын цагаачид олноороо амьдардаг жинхэнэ хэн хүчтэй нь амьдардаг газар. Үргэлжийн тэмцэл дунд, цагаачдын хүүхдүүдтэй өссөн юм. Тэднээс би өмнөд нутгийн аялгаас гадна галзуу занд суралцсан.

-Тэгэхээр Флоридад рок-н-ролл тоглож сурсан байх нь ээ?
-Миний өвөө санваартан хүн учраас үеэлүүд минь сайн мэдээний бүлэгт дуулдаг байлаа. Анх 12 настайдаа үөэлүүдийнхээ бүлэгт цахилгаан гитартай танилцаж билээ.  Ээжээсээ удаан гуйсны эцэст 25 ам.доллараар цахилгаан гитар авахуулсан юм.

Тэр бол миний хувьд миний хамгийн үнэтэй бэлэг байсан. Би аккордаж суртлаа бараг бүтэн жил өрөөнөөсөө гараагүй. Дараа нь би гараажны нэгэн жижиг хамтлагт тоглож эхэлсэн.

-Хамтлагийнхаа нэрийг санадаг уу?
-Манай хамтлаг анх "Flame" нэртэй байсан. Дараа нь "Kids" болгон нэрээ сольсон. Би хамтлагийнхантайгаа Холливудыг зорьж билээ.

-Холливудтай танилцсан түүхээсээ хуваалцаач?
-Анх ирээд "Gold Coast" гэдэг гей бааранд орсон юм. Түрээслэгчидтэйгээ утсаар ярих шаардлага гараад тохиолдлоор тэр бааранд орсон. Савхин дотуур хувцастай эрчүүд хөлхсөн аймшгийн газар байсан санагдана.

-Холливудад ирсэн залуус байр сууриа олоход хэцүү байдаг. Анх хаана ямар ажил хийсэн бэ?
-Бараа сурталчлагчийн ажил хийж байсан. Тэр үөд жүжигчний авьяас минь их тус болсон.

-Өсвөр насны хөвгүүд гадаад үзэмждээ их анхаардаг. Та тэр үөд ямар стилиэр хувцаслаж байв?
-Би нэг өнгийн футболк өмсөх дуртай хүү байлаа. Арай том болоод ээжийнхээ малгайтай, хилэн цамцыг нь хулгайлж өмсдөг болсон. Харин платформ гуталтай болохыг мөрөөддөг байсан ч өмсч байгаагүй.

-Та бол ахлах сургуулиа орхисон алдартнуудын нэг. Яагаад орхисон шалтгаанаа хэлж болох уу?
-Ахлах сургуульд гурван жил суралцсан. Би зүгээр л залхсан юм.

-Таныг багш нарын хурлаар хөөгдсөн гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
-Үнэний хувьтай. Багш нар миний амьдралыг "Хар тамхичин болж шоронгоор төгсөнө" гэж хэлдэг байсан. Гэхдээ би тэдний найдварыг бүрэн хөсөрдүүлсэн дээ.

-Сургуулиа орхиод худалдагч, машин засварчин гээд олон ажил хийсэн байх аа?
-Би анх бичиг хэргийн дэлгүүрт худалдагчаар ажилд орсон юм. Бараагаа сурталчилж, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцнэ гэдэг амаргүй. Тэндээс л би жүжигчний эрдэмд суралцсан.

Харин засварчны тухайд жижигхэн авто сервист механикийн ажилтай байв. Нэг удаа миний зассан машин сервисийн үүдээр ч гарч амжилгүй эвдэрч, ажлаасаа халагдаж билээ.

-Та үргэлж нүүрэндээ зузаан будалт хийлгэсэн дүр бүтээдэг. Таны арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү?
-Сайн жүжигчин хэзээ ч өөрийгөө боддоггүй. Камерын өмнө би аз жаргалыг мэдэрдэг учраас ямар ч дүр бүтээхэд бэлэн байдаг. Киноны шинэ үзэгдэл бүр соло гитар тоглохтой адил мэдрэмж төрүүлдэг.

-Ер нь таныг рок-н-роллоос урваж жүжигчин болоход нөлөөлсөн хүн бий юү?
-Миний найз Николас Кейж. Намайг продюсерээрээ дамжуулан кинонд тоглох санал тавьсан юм.

-Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгоогүй бол?
-Цэцэрлэгч болох байсан.

-Таван насандаа хэнийг биширдэг байв?
-Америкийн анхны оршин суугч, анчин Даниэл Буны талаар үргэлж бодно. Ерөнхийдөө тэр хүн шиг болохыг мөрөөддөг байсан.

-Холливудад ямар нэгэн шоу хийх боломж тохиовол?
-Үгүй, би Багамын арал дахь гэртээ өдөржин хэвтэхийг илүүд үзэх бодно. Холливудад миний зүрх 20 дахин хүчтэй цохилдог.

-Сэтгүүлчид дуртай өнгийг тань үргэлж асуудаг уу?
-Би энэ асуултад дуртайяа хариулдаг. Миний дуртай өнгө бол хар.

-Таны намтар ном гарсныг уншсан уу?
-Миний тухай ном гарсныг үзээд үнэхээр цочирдсон шүү.

-Та гэртээ ямар амьтан тэжээж байна?
-Тахиа.

-Жонни, та өдөрт хэдэн удаа тамхилдаг вэ?
-Мянгаас ч илүү байх./инээв/

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: