sonin.mn

МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг энэ хичээлийн жилд дүнгийн голчоор олгоно гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн хичээлийн жилд улсаас бүх оюутанд тэтгэлэг олгож байсан. Харин энэ хичээлийн жилд 2.0-аас дээш голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон. Хэрэв голч нь хүрэлцэхгүй бол оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг авч чадахгүй гэсэн үг. Тиймээс оюутнууд өмнөхөөсөө илүү хариуцлагтай суралцах шаардлагатай.

-Нэгдүгээр курст орж байгаа оюутнууд улирал дуустал голч дүнгээ мэдэх боломжгүй шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Дээд боловсролын системийг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, Кредит системээр явж байгаа. Тэгэхээр оюутан бүр нэг улиралд 22 кредитийн хичээл судалсан байх хэрэгтэй.

Нэгдүгээр курсийн оюутнууд арваннэгдүгээр сард тэтгэлэг болох 70 мянган төгрөгөө авах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эхний хоёр сард судалсан хичээлийн дүнг харгалзан үзээд голч нь 2.0 хүрсэн тохиолдолд тэтгэлэг авна.

-Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт зориулж заалт гаргасан гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн заалт гэж бий. Нэгдүгээрт, тухайн сургуулийг төгссөн төгсөгчдийн 30 хувь нь ажлын байраар хангагдсан байх хэрэгтэй. Тэгвэл тэтгэлэг олгоно.

Хоёрдугаарт, голч 2.0 -оос дээш суралцсан оюутнуудад тэтгэлэг олгоно. Гуравдугаарт, тухайн сургууль тэтгэлэг гаргах боломжтой байгаа. Тиймээс оюутнууд гэрийнхээ даалгаврыг сайн хийж, хичээлээ таслахгүй байхад тэтгэлэг авах боломжтой.

-2012 оноос оюутны тэтгэлэгийг өгч эхэлсэн. Энэ хугацаанд улсын төсвөөс хэчнээн тэрбум төгрөг зарцуулсан бэ?
-Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт зориулж өнөөг хүртэл нийтдээ 108 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан.

-Энэ жил хэчнээн оюутан автобусанд үнэгүй зорчих смарт карт авсан бэ. Нэгдүгээр дамжааны оюутнууд картаа захиалаад удаагүй байгаа. Хэзээнээс эхэлж автобусанд үнэгүй зорчих вэ?
-Одоогоор 175 мянган оюутны 113 мянгад нь автобусанд үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгохоор болсон. Сургууль бүрт тодорхой квот тогтоосон байгаа. Тэгэхээр бүх оюутан хамрагдаж чадахгүй. Хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнууд хавар захиалга өгдөг. Бид 63 мянган смарт картыг зун хэвлээд бүгдийг нь сургууль тус бүрт нь тараасан.

Нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд сургуулийнхаа оюутны холбоон дээр очоод захиалга өгнө. Одоогоор 54 сургуулийн захиалга өгөөд дууссан. Дараагийн 56 сургууль захиалгыг энэ долоо хоногт авна. Аравдугаар сарын 1-нд бүх оюутны смарт картыг өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Орон нутгийн оюутнуудын хувьд сургуулийнхаа дотуур байранд хамрагдаж чаддаггүй. Энэ жил хэчнээн оюутан дотуур байранд хамрагдсан бэ?
-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал оюутны дотуур байр. Орон нутгаас 83 мянган оюутан суралцдаг. Гэтэл нийслэлд 46 оюутны дотуур байр бий. 83 мянган оюутны 16 мянга нь буюу 21 хувь нь байранд хамрагдаж байна.

Үлдсэн 38 хувь нь найз нөхөд, танил ах дүү нарынхаараа байдаг. 42 хувь нь стандартын бус гэр хороололд байрлах нийтийн байр, подвольд амьдарч байна.

-Оюутны дотуур байрны төлбөр жил бүр нэмэгдэж байгаа. Гэтэл урсгал засвар хийдэггүй. Өвөлдөө хэт хүйтэн, хана таазнаасаа цууралт өгч, мөөгөнцөртсөн зэрэг шүүмжпэл гардаг?
-МОХ-нд оюутны дотуур байрны төлбөртэй холбоотой асуудал жил бүр яригддаг. Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгдэж байна. Гэхдээ нэмсэн төлбөрөөрөө зардлаа нөхөөд явдаг. 46 байрны төлбөр 320-820 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа.

Оюутны өргөө цогцолборын хувьд 780 мянган төгрөгийн төлбөртэй байгаа. Энэ байр л гэхэд орчин үеийн жишигт нийцсэн. Өрөө бүхэн гал тогоо, угаалгын өрөө, хөргөгч, ширээ сандал гээд бүх зүйлээр хангагдсан. Тиймээс оюутны байрны үнэ харилцан адилгүй.

-Сургалтын төлбөр 10-15 хувь нэмэгдпээ. Үүнд хэрхэн зохицуулалт хийж ажилладаг вэ?
-Жил бүр инфляц нэрийдлээр 10-15 хувиар сургалтын төлбөр нэмэгддэг. Ер нь бол тухайн сургуулийн сургалтын системийн нийт зардал оюутны сургалтын төлбөрт явдаг. Энэ жил 35-55 хувийн хооронд сургалтын төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлага гарч байгаа.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед МОХ сургалтын төлбөрийг тийм хэмжээнд нэмүүлэхгүй. Огт нэмүүлэхгүй байя гэхээр тухайн сургуульд санхүүгийн доголдол гардаг. МОХ-ны удирдах зөвлөлийн хурлаар сургалтын төлбөрийн асуудлыг 10-15 хувь нэмүүлнэ гэдгээ БШУЯ-нд илэрхийлсэн.

-Ургац хураалтын ажилд оюутнуудыг хамруулдаг. Энэ жил хэдэн төгрөгөөр цалинжуулах вэ?
-Энэ жилийн хувьд ургац хураалтын ажилд оюутан залуусыг хамруулна гэсэн шийдвэрийг МОХ гаргаагүй байгаа. Социализмын үед ургац хураалтын ажил нэгдсэн журмаар явуулдаг байсан. Төр засаг ч идэвхтэй оролцдог байлаа.

Өнгөрсөн жил энэ ажилд хэд хэдэн алдаа гарсан. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ямар ч бэлтгэлгүй байдаг. Тухайн байгууллагууд оюутнууд ирж ажиллах ёстой гэсэн л ойлголттой.

Ямар орчинд хэдэн цаг, хэрхэн ажиллах, хэдэн төгрөгөөр цалинжуулах зэрэг асуудал нь тодорхойгүй байдаг. Ядаж л очиход амьдрах байрны асуудал тулгардаг. Тиймээс энэ жил МОХ ургац хураалтын ажилд нэгдсэн байдлаар оюутнуудыг татан оруулахгүй.

-Оюутнуудыг цагийн ажилд хамруулна гэдэг. Өнгөрсөн жил хэдэн оюутан цагийн ажил хийсэн бэ?
-Бид БШУЯ-тай хамтарч ажиллах гэрээтэй. Шинэчлэлийн Засгийн газар 10 мянган оюутныг цагийн ажилд хамруулна гэж ярьдаг. Энэ оюутнуудыг цагийн ажлаар хангахын тулд Хөдөлмөрийн яам, МОХ, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтарч ажиллаж байгаа.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: