sonin.mn

Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ) хамтран 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Лабораторийн био аюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын халдвар хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад ХӨСҮТ, МЭХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, ЗӨСҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн зэрэг байгууллагын 80 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын үеэр Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор А.Такада “Эбола вирусийн шинж төрх, халдварын эмгэг, жам оношилгоо, лабораторийн халдвар хамгаалал аюулгүй ажиллагаа” сэдвээр лекц уншсан нь уг халдварын аюулын харанга дэлдэж буй өнөө үед цаг үеэ мэдэрсэн чухал сэдвийг хөндсөн байлаа.

 Сургалтад Био-аюулгүй ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, АУ-ы доктор М.Алтанхүү “Лабораторийн био аюулгүй ажиллагааны үндсэн зарчим, халдвар хамгаалалын дүрэм”, ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалах халдварын тасаг (ЭШХТ)-ийн эмч С.Цолмон “Хувийн хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, хэрэглэх заалт”, МЭХ-ийн лабораторийн эрхлэгч, ШУ-ы доктор Г.Батцэцэг “Шинэ болон дахин сэргэж байгаа зоонозын халдварын үед лабораторид мөрдөх ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээ”, ХӨСҮТ-ийн ЭСХАН-ийн дарга Н.Сувдмаа “Эбола вируст халдварын өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн ЭШХТ-ийн дарга Ж.Нямсүрэн “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх халдвар хяналтын арга хэмжээ” сэдвүүдээр тус тус лекц уншлаа.

Лекц, илтгэлүүдтэй холбоотой оролцогчдын дунд асуулт, хариулт, ярилцлага явагдаж, сургалт амжилттай өндөрлөлөө.