sonin.mn

Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчнөөр өвчлөх тохиолдлын тоо байнга өсөн нэмэгдэж, хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаар, нас баралтын шалтгааны нэгдүгээр байрыг эзэлж байна.

Иймд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд зүрхний цахилгаан бичлэгийг уншиж дүгнэлт өгөх, мэдлэг, чадварт суралцах шаардлагатай байгаа. Ховд аймгийн ЗДТГ-аас 9 сумын эрүүл мэндийн төвийг зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар хангаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийг бэхжүүлэх 2” төсөл хамтран зүрхний цахилгаан бичлэгийн сургалтыг сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч нарт энэ сарын 06-09-ний хооронд зохион байгууллаа.

Сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн зүрх судасны их эмч Н.Баясгалмаа ажиллаж, онолын лекцийг уламжлалт болон орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжийг ашиглан үзүүлэн таниулах, харилцан ярилцах хэлбэрээр, дадлагыг аппарат багаж дээр багаар ажиллах, эмнэлзүйн тохиолдол дээр ажиллах зэрэг хэлбэрүүдээр үр дүнтэй зохион явуулсан.

Энэхүү сургалтыг явуулснаар эмч нар орон нутагтаа зүрхний цахилгаан бичлэг хийх, амь насанд аюултай судасны өвчний эмгэгүүд, зүрхний хурц шигдээс, титэм судасны дутагдал, хэм алдагдалуудыг зүрхний цахилгаан бичлэгээр ялган оношилж, тусламж үзүүлэх мэдлэг чадварыг эзэмшиж байгаа юм.