sonin.mn

Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай Ах дүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай болсны 3 жилийн ой тун удахгүй болох гэж байна.

Ойн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03 өдрүүдэд Япон улсын Шизүока мужид тохиож байгаа ба Дорноговь аймгаас Аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны 28 төлөөлөгч, сурагч солилцооны шугамаар 6 багш, 50 сурагч, олон улсын Дайдоге наадамд оролцох 20 сурагчид гэсэн нийт 104 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцох болжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны хамтын ажиллагааны зөвөлдөх уулзалт, хоёр аймаг мужын бизнес эрхлэгчдийн туршлага солилцох уулзалт, жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцах арга хэмжээ, Япон орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах, сурагч солилцооны гэрээний дагуу ахлах ангийн сурагчид Япон айлд байрлан, тус орны ёс заншил, сургуулийн орчинтой танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана. Мөн энэ үеэр олон улсын Дайдоге наадамд Дорноговь аймгийн 20 авъяаслаг сурагч үндэсний бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээр оролцох юм.

Энэ дашрамд дуулгахад Хамтын ажиллагаатай Шизүока мужид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 103 сурагч 6 багш 20 гаруй мэргэжилтэн, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн нийт 200 гаад хүн Япон улсад туршлага судлаад ирсэн байна.