sonin.mn

Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор археологич, доктор З.Батсайханыг урилаа.

-Монголын ар­хео­логийн салбарын хөгжил, судалгаа, шинжилгээний зорилго чиглэл ямар төвшинд байна. Нууц биш бол энэ зун ямар олдворууд илрүүлснийг сонирхож болох уу?
-Монголд  археологийн шинжлэх ухаан  үүсч хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд үндэсний мэргэжлийн боловсон хүчинтэй болж, олон улс оронтой хамтран ажиллаж ирсэн. Археологийн судалгааг өнөөдрийн байдлаар  Археологийн хүрээлэн, МУИС, Үндэсний  түүхийн музей гэх мэт олон газар хийдэг болсон. Үүнд дэвшилттэй тал бий. Гэхдээ археологийн судалгааг ямар арга технологиор хийж байгааг тусад нь авч үзэх ёстой.

Ийм асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Өнөөдрийн байдлаар археологийн судалгаа хийж байгаа газруудын судалгааны төслөөс  харахад дутуу дулимаг боловсруулсан, зорилгоо тодорхойлж чадаагүй дутагдалтай зүйлүүд ажиглагддаг.

Манай улсын хувьд өнөөдөр олон экспедиц ажиллаж байна. Тоолж үзээгүй ч гэсэн ямар ч байсан арваас доошгүй экспедиц зун болгон Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Судалгааны ажлын үр дүн нь   янз бүр.  Түрүүнд хэлсэнчлэн төслөө хэрхэн боловсруулсан, зорилго чиглэлээ тодорхойлсон байдал, судалгааг ямар аргаар хийж  байгаа зэрэг олон асуудлаас болж  судалгааны үр дүн янз бүр гарч байгаа юм.

Хээрийн судалгаа амжилттай  болох эсэх нь тухайн судлаачийн мэргэжил, боловсрол, ур чадвараас шалтгаална. Орчин үеийн, дэлхийн чиг хандлагаар судалгаа хийдэг судлаач, судалгааны багууд манайд бий. Энд би зарим судлаачийг онцолж дурдах нь зүйтэй гэж бодож байна.

Тухайлбал, Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах секторын эрхлэгч, доктор Д.Амартүвшин, доктор Ц.Төрбат нар байна. Тэдний хийж байгаа судалгааны ажил орчин үеийн археологийн шинжлэх ухааны хээрийн судалгааны сайн боловсруулсан арга зүйгээр явдаг. Нөгөө талаас, жил болгоны хээрийн судалгаагаар  урд өмнө  Монголын археологийн судалгаанд орж байгаагүй шинэ обьектуудыг илрүүлэн судлах ажил хийгддэг.

Жишээ нь, энэ жилийн хувьд  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг  Чандмань уулан дахь хүрэлийн үеийн шинэ хэв шинжийн дурсгалуудыг  дурдаж болно. Мөн баруун бүс, Булган аймгийн нутагт манай судалгааны хүрээнд ороогүй олон шинэ дурсгалыг малтан судлаад байна.

-Тэгэхээр өнөөдөр ч, маргааш ч бидний түүхийг баталж нотолсон, эсвэл ямар нэгэн шатаар ахиулсан ямар ч олдвор  илэрч болзошгүй гэсэн үг үү. Мэргэжлийн хүний хувьд та  ямар дүгнэлт хийж байна?
-Монголын археологи илүү өргөн хүрээтэй, бидний өмнөх төсөөллөөс давсан зайлшгүй дахин шинээр авч үзвэл зохих олон шинэ дурсгал, дурсгалт газруудыг нээж олоод байна. Энэ бол дууслаа гэсэн үг биш. Дахиад ч урд өмнө мэдэгдэж байгаагүй олон шинэ дурсгалыг Монгол орны тал хээр болон уулархаг бүс нутгаас илрүүлэх боломж байгаа нь харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, Монголын эртний түүх тэр хэмжээгээр илүү  баялаг, сонирхолтой, олон талтай болж байгааг харуулж байгаа юм.  Мөн археологийн судалгаа явуулдаг их, дээд сургууль болон, хүрээлэн, музей хоорондын хамтын ажиллагаа чухал болох нь сүүлийн үед харагдаж байна.Нэг их ойртож хамтарч ажилладаггүй юм гэхэд харилцан мэдээлэл солилцох, археологийн зарим зангилаа асуудлаар санал солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр харилцаагаа шинэ шатанд гаргах нь үр дүнтэй.

Одоогийн байдлаар МУИС-ийн археологийн судлаачид, Археологийн хүрээлэн хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ судалгааны явцад Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт  урд өмнө бүртгэгдэж байгаагүй дурсгалуудыг олж илрүүлсэн. Мөн Хүннүгийн дурсгалуудын дэлгэрсэн газрыг илүү өргөн хүрээтэй болгох судалгааны ажил хийсэн.

Өөрөөр хэлбэл, Дэлгэрэх сумын нутагт Хүннүгийн шинэ дурсгалт газруудыг олсноос гадна скифийн /Хүннүгээс өмнөх/  үеийн  байж болохуйц цөөн тооны дурсгалыг өнгөрсөн зуны хээрийн малтан судалгааны явцад илрүүлэн судалж байна.

-Ингэхэд боловсролын салбарт монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгалаа гэсэн хэл ам гарч байсныг  санаж байна. Түүнтэй адил түүх, археологийн чиглэлд  ийм шүүмжлэл хэр байдаг бол?
-Аливаа улс орон  эртнийхээ түүхийг бичдэг хоёр гол сурвалж бий. Нэгдүгээрт, бичгийн, хоёрдугаарт археологийн сурвалж орно. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй монгол нутаг дээрх эртний түүхийг бичихэд энэ хоёр сурвалжийг ашигладаг.

Ялангуяа  монгол нутгаас өнөөдөр археологийн цоо шинэ дурсгалууд илэрч олдсоор байгааг би түрүүнд хэлсэн. Энэ нөхцөлд шинээр малтан судалсан, урд өмнө мэдэгдээгүй тэдгээр олдворуудын тухай мэдээллээр эртний өвгөд дээдсийн түүхийг улам баяжуулах шаардлага бий.

Гэтэл өнөөдөр манай дунд сургуулиудад үздэг түүхийн хичээлийн цагийг  багасгасан талаар багш нар ярьж байна. Тэр байтугай өнгөрсөн хавар их, дээд сургуульд үздэг түүхийн хичээлийн кредит цагийг багасгах тухай яриа гарч байсныг санаж байна.

 -Манай улс түүхээ шинэчлэн бодовсруулах ёстой гэсэн шүүмжлэл эрдэмтэн, судлаачдын зүгээс дуулддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон хараат улс орнууд өнөөдөр түүхээ шинэчлэн боловсруулах асуудалд онцгой анхаарч байгаа. Хэрэг дээрээ манай улс ч гэсэн тухайн үеийн ЗХУ-ын хараат орон байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхийг боловсруулахад, тухайн үед Оросын түүхч, эрдэмтэн, судлаачид шууд оролцож, ажиллаж байсан гэсэн үг юм. Монголын түүх нэлээд улстөржсөн, үзэл сурталжсан шинжлэх ухаан байсан гэдгийг олон хүн мэдэж байгаа.

Тиймээс эртний түүхээ үндэсний судлаачдын хүчээр шинэчлэн бичих, зарим үзэл баримтлалыг шинээр боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэтэл 1990 оноос өнөөдрийг хүртэлх 24 жилийн хугацаанд шинэчилсэн, шинэ үзэл баримтлалаар бичсэн түүх гарсангүй.  ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, тэр дотроо Казахстаныг онцлон хэлэхэд, эртний түүхээ боловсруулахад маш их анхаарч байна.

Жишээ нь, тэндхийн дунд сургуулийн  түүхийн хичээлийн тест гэхэд 1500 орчим асуулттай байдаг. Энэ юуг харуулж байна гэвэл, түүхээ шинэчлэн боловсруулахад маш их анхаарч байгаагийн илрэл. Харин нэг зүйлийг хэлэхэд, Казахстаны түүхэнд  мушгин гуйвуулсан, зарим үзэл баримтлал нь сайн боловсруулаагүй, хэт хийрхсэн гэх мэт зүйл гардаг юм байна лээ.

Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд тийм зүйл гарахгүй байх. Гэхдээ албан ёсны төрийн түүх болон сурах бичгийг боловсруулах ажилд мэргэжлийн судлаачид ажиллах нь зохимжтой.

-Энэ жил гадаад, дотоодын олон судлаач манай улсад ирж, буцлаа. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарах ёстой ямар асуудлууд ажиглагдаж байна вэ?
-Монголын археоло­гийн судалгаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд өнөөдөр АНУ, Франц, БНСУ, Япон, сүүлийн үед БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа. Ямар улс оронтой хамтын ажиллагаа хөгжүүлэх нь үр дүнтэй, эсэх талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй.

Харин зарим асуудалд бодож үзүүштэй зүйл цөөнгүй байна. Жишээ нь, Хятад болон Казахстан улстай археологийн салбарт хэрэв хамтарвал ямар нөхцөл байдалд ажиллахыг гэрээнд тодорхой тусгаж өгч байх нь зүйтэй юм.

Учир нь хэдэн жилийн өмнө Заамарт  малтан судалсан Түрэгийн үеийн бунхнаас гарсан чулуун пайзны хөшөөг Хятадын судлаачид хамтран ажиллаж байгаа талын зөвшөөрөлгүйгээр түрүүлж хэвлүүлсэн. Судалгааны дараа, дараагийн шатанд ч тиймэрхүү зүйлүүд гарсан  тухай манай судлаачид ярьж байсан.

Нөгөөтэйгүүр, Казахстантай хамтарсан судалгааны ажлын үр дүн чухам ямар болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй ч гэсэн зарим судлаачдынх нь баримталж байгаа үзэл бодол нь орчин үеийн шинжлэх ухааны арга гэхээс илүү газар нутгийн маргаан гэх үү, тиймэрхүү тооцоо хийх гэсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлийг бичсэн байдаг. Гэхдээ энэ бүх судлаачдын хувьд ажиглагддаг нийтлэг асуудал биш боловч зайлшгүй анхаарвал зохистой асуудал гэж үзэж байна.

-Цаашид анхаарвал зохих, судлаачдын санааг зовоож буй  өөр ямар асуудал байна?
 -Энд  Турк улстай хамтран ажилласан судалгааны тухайд зайлшгүй ярих ёстой. Магадгүй манай улсын хувьд, манай түүхч, судлаачдын хувьд ер нь нийт монголчуудын хувьд зайлшгүй анхаарах ёстой асуудал байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, өнөөдөр янз бүрийн  шугамаар, улс төрийн болон хувийн, хот хоорондын харилцааны чиглэлээр Турк улсаас  янз бүрийн төвшний айлчлал Монголд өрнөдөг юм байна.

Турк улсын Ерөнхий сайд  хэдэн жилийн өмнө айлчилж байсан. Өнгөрсөн хавар  хотын захиргааны шугамаар Туркийнэрх мэдэл бүхий хүмүүс айлчилсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Монголд ирж байгаа Турк улсын нэр нөлөө бүхий хүмүүс, улстөрчид Монголд байгаа, монгол нутаг дээр оршин байгаа эртний Түрэгийн дурсгалуудыг заавал очиж үздэг.

Тэр нь айлчлалын хөтөлбөрт нь албан ёсоор орсон заавал очиж үзэх газрынх нь  нэг байдаг юм билээ. Мөн тэдэнтэй хамт Монголын эрх мэдэл бүхий хүмүүс, улстөрчид дагалдан очдог. Айлчлалын тухай  хэвлэл, мэдээллээр дамжуулж байгаагаас үзэхэд,манай томчууд  бараг л та эх орондоо тавтай морил, энэ танай өвгөд дээдсийн дурсгал гэдэг үгийг хайр гамгүй урсгаж байгаа харагддаг.

Санаатай, санаандгүй гэдгийг нь бид мэдэхгүй байна. Харин тэндээс юу ажиглагдав гэвэл, ялангуяа манай түүхчид, археологчид монгол нутагт оршин амьдарч байсан эртний түрэгүүд болон одоогийн  Турк улс гэдэг нь  ижил ойлголт уу, огт өөр үү гэдгийг ялгах шаардлагатай нь харагдаж байна.

-Монгол нутагт амь­дарч байсан эртний  Түрэ­гүүд, одоогийн Турк улсын хоорондын ялгаа заагийг тодорхой тайлбарлахгүй юу?
-Эртний Түрэгүүд  бол төрхтний хувьд монгол төрхтэй, нүүдэлчин ард түмэн. Өнөөдрийн  Турк улс гэдэг маань гаднаас нь харсан ч Иран царайтай, эрс өөр ард түмэн.  Угсаа гарвал, соёлын хувьд ч эрс ялгаатай. Юу нэгтгэж байна гэвэл, нэр нь нэгтгэж байгаа юм.

Гэхдээ Түрэг гэдэг  бол эртний түрэгүүдийг нэрлэдэг шинжлэх ухааны нэр. Турк бол өнөөдрийн Турк улс. Үүнийг ялгахын тулд Монгол болон  Оросын  археологийн шинжлэх ухаанд ялгаж бичдэг.

-Энэ талаарх баримт нотолгоо байдаг уу?
-Казахстаны археологийн хүрээлэнд Түрэгийн эртний генийн сангийн судалгаа байдаг. Тэр судалгаагаар Турк улсын мянган хүнээс удмын сангийн дээж авч үзэхэд, тэр дотор Азийн, өөрөөр хэлбэл төв Азийн монгол төрхтөний нэг ч ген байгаагүй тухай онцлон тэмдэглэсэн байсан.

Өөрөөр хэлбэл, Турк улс, монгол нутаг дээр байсан эртний түрэг хоёр угсаа гарвалын хувьд ямар ч холбоогүй, хоёр өөр ард түмэн гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Шинжлэх ухааны маш ойлгомжтой, хэн ч маргашүй ийм баримт хэрэглэгдэхүүн байхад Турк улсын оршин суугчид, тэр туркууд монгол нутагт байгаа эртний түрэгүүдийн үлдээсэн  тэр дурсгалтай, тэр ард түмэнтэй  ямар ч холбоогүй гэсэн үг.

Тэр бол зөвхөн монголчуудын өвгөд  дээдсийн дурсгал. Тийм учраас монгол нутагт байгаа эртний түрэгүүдийн дурсгалыг тэгж хаа хамаагүй харийнханд найр тавьж, танай юм гэж хэлэх нь зохимжгүй. Ялангуяа улс төрчдийн хувьд тэр бол илүү, магадгүй маш алдаатай үг. Манай улстөрчид тэр ойлголт, төсөөллөө өөрсдөө мэддэггүй юм гэхэд мэргэжлийн  хүмүүсээс асууж нэг тийш болгох хэрэгтэй. Дахиад тийм явдал гаргуулахгүй байвал сайн байна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: