sonin.mn

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөн­хий төлөвлөгөөний да­гуу, НИТХ-аас гэр хорооллын да­хин төлөвлөлтийн төсөл хэ­рэг­­жүүлэхээр 21 байршлыг тог­тоосон. Эдгээр байршилд 13488 нэгж талбарын 1325.8 га тал­бай хамрагдаж байгаа бөгөөд төлөв­лөлтийн бүсэд нийт 69072 хүн ам амьдарч байгаа юм. НИТХ-аас тогтоосон байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх урилгыг олон нийтэд зарласнаас одоогийн байд­лаар 17 байршлын 686.1 га тал­байд 30 аж ахуйн нэгж гэр хо­рооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан юм.

Эдгээрээс 16 төсөл хэрэгжүүлэгч компани 617 нэгж талбарын 31.35 га талбайг чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд гэр хороол­лын дахин төлөвлөлтийн үйл ажил­лагааны хүрээнд энэ оны I улирлаас ирэх оны IV ули­рал гэхэд 2000-4000 орчим айлын орон сууцны барилгыг ашиг­лал­тад оруулахаар төлөвлөн ажил­­лаж байгаа аж. Өнгөрсөн дө­рөв­­дүгээр сард батламж гар­дуулсан аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаатай НИТХ-ын дар­га Д.Баттулга болон албаны бу­сад хүмүүс танилцсан билээ.

Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрсөн тул төсөл хэрэгжүүлэгч нар зуны дэлгэр цагийг ашиглаж, хэр их бүтээн байгуулалт хийс­нийг шалгаж, ажилтай нь та­нил­цахаар өчигдөр НИТХ-ын дар­га Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал ха­риуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн хө­рөнгө оруулалтын газрынхан болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар  хороо болон нийт долоон байршилд очиж танилцсан. Сон­ги­нохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваасан аж. Албаны хүмүүс, хэвлэлийнхэн дээрх хорооны Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд очсон юм. Тус талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж. Нийт 28 айлын газрыг чөлөөлж, ажлын талбайд 189 айлын гурван блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд цахилгаан бо­лон дулаан дамжуулалтын гур­ван пүнкт барьж шугам сүл­жээнд холбосон байна.

Энэ онд 300 айлын орон сууц, ирэх онд 280 хүүхдийн цэцэрлэгийн ба­рилгыг ашиглалтад оруулах тө­лөв­лөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн захирал Ч.Мөн­гөн­сүх “Манай компани Гэр хо­­рооллын дахин төлөвлөлтийн төс­лийн хүрээнд гурван блок бүхий 168 айлын орон сууцыг ашиглалтад өгөх гэж байна. 2015 онд 240 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 80 айлын орон сууцны барилгын суурийг тавьж эхлээд байна.

Түүнчлэн дэд бүтцийн хүрээнд 6.5 тэрбум төгрөгийн цахилгааны эх үүсвэрийг байгуулаад байна. Ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад өгнө. Бохир, цэвэр усны шугамын ажил хийгдэж байна. ЦТБ-ийн ажлууд мөн хийгдэж байгаа. Эхний ЦТБ-ийг хүлээлгэж өгсөн. Одоо хоёр ЦТБ-ийг ашиглалтад оруулна” гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.