sonin.mn

ШИНЭ ДЕЛИ. /ITAR-TASS/. Энэтхэг улс цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай "Агни-1" баллистик пуужинг өнөөдөр амжилттай туршлаа. Энэ тухай мэдээллийн “ИАНС” агентлаг мэдээлжээ.

700 км хүртэлх зайд байгаа байг устгах чадалтай пуужинг Орисса мужийн эрэг хавийн Бенгалийн булангийн Уилер арлын полигоноос харважээ. Хамгийн сүүлд тус арал дээр 2012 оны долдугаар сард пуужингийн туршилтыг амжилттай явуулсан байна.

"Агни" ангиллын баллистик пуужингуудыг Энэтхэгийн Батлан хамгаалах яамны “Залуурт пуужин бүтээх цогц хөтөлбөрийн” хүрээнд бүтээжээ.

"Агни-1" ангилал нь нэг тонн хүртэл жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, 12 метр урт баллистик пуужин юм. Харин "Агни-2" нь хоёр угсраа, хатуу түлшт, 19 метр урт пуужин бол "Агни-3" загвар нь хоёр угсраа, 16,7 метр урт, 48,3 тонн жинтэй ажээ.

Энэ пуужин нь 3500 км зайд 1,5 тонн жинтэй цэнэгт хошууг тээх чадалтай байна. "Агни-4" пуужингийн анхны туршилтыг 2010 оны 12 дугаар сард явуулсан боловч удирдлагын системд доголдол гарсны улмаас амжилтгүй болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг