sonin.mn

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд их дээд сургуулиудын эмч, нийгмийн ажилтан, оюутны зөвлөлтэй уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Тус аймгийн хэмжээнд 11 их дээд сургуулийн 13000 гаруй оюутан суралцдаг. Тэд гэр орон, эцэг эхээсээ холдож, биеэ даан амьдарч, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, туршлага дутагдалтай байдлаас болж , архи, тамхи хэрэглэх, бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвдөх эрсдэлүүд өндөр байдаг.

Иймээс их дээд сургуулийн оюутнуудад “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг эрчимжүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, стресс, архи, тамхины хор уршиг, зохистой хоололт, орчны эрүүл мэнд зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж эхлээд байна.  

Сургууль бүрээс 30 оюутныг “Эрүүл мэндийн идэвхтэн оюутан” бэлтгэх сургалт зохион байгуулж, сургуулиудын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулахаар боллоо. Мөн оюутнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, итгэлтэй утас 24 цагаар ажиллуулж, оюутнуудад үйлчлэх яаралтай тусламжийн пост ажиллуулах зэрэг ажлууд хийгдэж эхлээд байна.