sonin.mn

Монголын загасчдын холбоо, "Зөв зүрх" сан хамтран  сүүлийн үес дэлхий дахинд нэлээд хөгжөөд буй байгаль орчин, ан амьтан хамгаалах зорилготой "Үсэргээ загас барих" буюу "FLY FISHING" нэртэй загасчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнийг амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Манай улсын загас сонирхогчид 2013 оноос дэлхийн "FLY FISHING" тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 загасчин дэлхийн загасчидтай уралдсан юм. Тэд энэ дадлага, туршлага дээрээ тулгуурлан монгол улсдаа анх удаа  аварга шалгаруулах тэмцээнийг Туул голын эх буюу Налайх дүүргийн Нам давааны орчимд зохион байгууллаа.

Тэмцээнд 25 загасчин оролцож, загас барих авьяас чадвараа сорив. 500 метрийн зайтай таван хэсэгт 10 шүүгч ажилласан, энэ тэмцээн өрсөлдөөнтэй болж, дөрвөн цагт 23 загас барьсан Н.Тамир гэгч залуу түрүүлж, анхны улсын аваргын эрхэм хүндтэй цолны эзэн болов.

Тэмцээний зарим рекордоос дурдвал хоёрхон цагт 18 хадран барьсан, хамгийн урт нь 21,2 см урттай загас барьсан амжилт гаргаснаас гадна загасаа гэмтээлгүй, уран гоё барьсан нөхцөлд 100 оноо өгч, дээд амжилт нь 23,000 оноогоор тогтоогдсон аж.

Мөн тэмцээний дүрмээр 18 см-ээс доош хэмжээтэй загасыг тоонд оруулахгүй, харин 18 см-ээс дээш урттай загасыг тоолох зэрэг өвөрмөц заалт  манай тэмцээнд мөрдөгдлөө гэж тэмцээний шүүгч д.Жаргалсайхан ярилаа.

Энэ тэмцээнийг явуулахын тулд БОНХЯ-наас нэг ч загас гэмтээж, хороохгүй гэсэн болзлоор эрхээ авсан байна."Үсэргээ загас барих" энэхүү тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна гэж тэмцээнийг зохион байгуулагчид шийдвэрлэжээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг